Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын Далайн хөдөлмөрийн конвенцид Монгол Улс нэгдэн орлоо.

Улсын Их Хурлын 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр соёрхон баталсан Далайн хөдөлмөрийн конвенцийг Олон Улсын хөдөлмөрийн байгууллага бүртгэн авсан талаарх мэдээллийг Монгол дахь тус байгууллагын Үндэсний зохицуулагч П.Болормаа бидэнд албан ёсоор мэдэгдэж, баяр хүргэлээ.
Тус конвенци 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөх бөгөөд Монгол Улсын далайн тээврийн салбарыг хөгжүүлэх зорилтын хүрээнд тус салбарт ажиллах мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэж, Монгол далайчдыг их далайд ажиллах боломжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
ОУХБ-ын Далайн хөдөлмөрийн конвенци нь далайчдын хөдөлмөрийн нөхцөл, түүнд тогтоосон шинэ стандартуудыг олон улсын нэг гэрээнд нэгтгэн зохицуулахад чиглэсэн, их далайд хүний аюулгүй байдлыг хангаж, хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн шаардлага хангасан орчинд ажиллах, ажил олгогч нь далайчдын мэдлэг боловсрол, туршлагад нь нийцсэн ажлын байраар хангах, хөлөг онгоцонд ажиллаж амьдрах орчны ая тухтай нөхцөлийг бий болгоход дэмжлэг үзүүлэх зорилготой. Түүнчлэн мэргэжлээс шалтгаалсан осол, гэмтэлд өртөх, нас барсан эсвэл урт хугацаанд хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон зэрэг тохиолдолд далайчдад болон тэдний ар гэрт нийгмийн халамж, зохих ёсны тэтгэмж олгох асуудал энэхүү конвенцийн заалтуудаар зохицуулагдана. Линк: http://www.ilo.org/dyn/normlex/en/f?p=1000:11200:0::NO:11200:P11200_COUNTRY_ID:103142

Шинэ мэдээ


Үйл явдлын мэдээ