БНСУ-ын Ерөнхий сайд ноён Хван Гё Ан Монгол Улсад хийх албан ёсны айлчлалын хүрээнд тус улсын Далайн хэрэг, Загас агнуурын дэд сайд Юн Хак Бэ тэргүүтэй албаны төлөөлөгчид 2015 оны 12 дугаар сарын 14-өөс 17-ны өдрүүдэд манай улсад айлчлах гэж байна. Айлчлалын бүрэлдэхүүнд БНСУ-ын Далайн хэрэг, Загас агнуурын дэд сайдаас гадна, тус яамны тээврийн бодлогын хэлтсийн дарга Мёнг Ну Хон, Монгол, Солонгосын далайн тээврийн хамтарсан “Монгол Саммок Логистик” ХХК-ийн төлөөллүүд байгаа бөгөөд Монгол Улсын Зам, тээврийн сайд М.Зоригттой албаны уулзалтыг хийхээр төлөвлөөд байна. Энэхүү айлчлалын хөтөлбөрт БНСУ, Монгол Улсын далайн хамтын ажиллагааны 6 дугаар уулзалтыг зохион байгуулах, яамд хоорондын хамтын ажиллагааны санамж бичгийг шинэчлэн байгуулах, “Монгол Саммок Ложистик” ХХК болон туршилтын тээврийн талаар, түүнчлэн далайн тээвэр болон ложистикийн сургалтын хөтөлбөр, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх зэрэг асуудлууд багтсан байна.