“Шарын гол” ХК-ны нүүрс баяжуулах үйлдвэрийн нээлтэд оролцлоо.
50 жилийн түүхтэй “Шарын Гол” ХК-ны нүүрс баяжуулах үйлдвэрийн нээлт 2015 оны 06 дугаар 17-ны өдөр болж өндөрлөлөө. Тус үйлдвэр нь жилдээ 600 мянган тонн нүүрс угаах хүчин чадалтай бөгөөд цаашид хүчин чадал нь гурван сая тонн хүртэл нэмэгдэх боломжтой ажээ.
Уг нээлтийн арга хэмжээнд Зам, тээврийн яамны Стратегийн бодлого, төлөвлөлт, хамтын ажиллагааны газрын дарга С.Адъяасүрэн, Далай ашиглалт, усан замын тээврийн хэлтсийн дарга Р.Мэргэн, ахлах мэргэжилтэн Б.Мөнхолд, Далайн захиргааны дарга Х.Энхбаатар, мэргэжилтэн С.Наранцэцэг нар болон БНСУ-ын “Саммок Шиппинг” ХХК-ийн захирал Ли Куан Хи, менежер Д.Халиун нар оролцлоо.
Нээлтийн үеэр “Саммок Шиппинг” ХХК-ийн захирал хүрэлцэн ирсэн зочид, төлөөлөгч болон тус уурхайн нийт хамт олонд хүндэтгэл илэрхийлж баярын мэндчилгээ дэвшүүлсэн бөгөөд Монгол Солонгосын хамтарсан далайн тээврийн компани болох “Монгол Саммок Ложистикс” ХХК болон “Шарын гол” ХК хооронд туршилтын тээвэр хийх санамж бичиг байгуулан цаашид хамтран ажиллах болсондоо баяртай байгаагаа илэрхийлсэн.