БНХАУ-ын “Рижоу боомт групп”-ын төлөөлөгчид Далайн захиргааны урилгаар манай улсад айлчилж байна.

БНХАУ-ийн Шандунь мужийн “Рижоу боомт групп”-ын  Дэд ерөнхийлөгч Жан Дун Шен тэргүүтэй төлөөлөгчид Далайн захиргааны урилгаар манай улсад 2015 оны 5 дугаар сарын 25-аас 30-ны өдрүүдэд албаны айлчлал хийж байна.

Төлөөлөгчидийг ЗТЯ-ны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ч.Цогтбаяр, Далай ашиглалт, усан замын тээврийн хэлтсийн дарга Р.Мэргэн, Далайн захиргааны дарга Х.Энхбаатар нар хүлээн авч уулзлаа.

 


Уулзалтын явцад хоёр тал харилцан мэдээлэл солилцон, цаашид хэрхэн хамтарч ажиллах боломжуудын талаар ярилцаад, Монгол улсын Зам, тээврийн яамны зүгээс уул уурхайн бүтээгдэхүүнийг “Гашуун сухайт”, “Ганц мод” зэрэг хилийн боомтоор “Рижоу” боомт хүргэхэд БНХАУ-ын нутаг дэвсгэрээр төмөр замын ямар сүлжээг ашиглавал илүү давуу талтай байх талаар сонирхож байгааг илэрхийлээд, энэ талаарх тооцоо судалгаа авахыг хүслээ. “Рижоу” боомттой холбогдож буй төмөр замын сүлжээний талаарх мэдээллийг тус группын Төмөр зам хариуцсан орлогч захирал Чин Юу Фен дэлгэрэнгүй мэдээлэл хийсэн нь уулзалтын чухал ач холбогдолтой хэсэг байлаа. Айлчлалын хугацаанд төлөөлөгчид Монголын уул уурхай, тээвэр жууч, төмөрлөгийн үйлдвэрийн томоохон аж ахуй нэгжүүд болох “Энержи ресурс” ХХК, “Туушин” ХХК, “Болдтөмөр Ерөө гол” ХХК зэрэг компаниудтай уулзах уулзалтыг Далайн захиргаа зохион байгуулж, хоёр орны хувийн хэвшлүүдийн хоорондын харилцаа, хамтын ажиллагааг дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэлээ. 2014 онд БНХАУ-ын дарга ноён Ши Жинпин тэргүүтэй төлөөлөгчид Монгол улсад албан ёсны айлчлал хийх үеэр чухал ач холбогдолтой Транзит тээврийн хэлэлцээрийг эцэслэн шийдвэрлэж, тус улсын Хэ-бэй, Ляонинг мужийн гадаад худалдаанд нээлттэй боомтуудыг Монгол Улсын далайд гарах гарц болгон ашиглах боломжийг нээж өгсөн билээ. Энэхүү хэлэлцээрт “Рижоу” боомт нь нэр заасан мужид тусгагдаагүй хэдий ч Монгол Улстай хамтран ажиллах талаар ихээхэн хүчин чармайлт гаргаж, өнгөрсөн онд Далайн захиргааны зарим мэргэжилтнүүдийг урьж, өөрийн боомттой танилцуулж байсан. Тус боомт нь Хятадын 10 том боомтын нэг, газрын тос, химийн бүтээгдэхүүн, нүүрс, зэс, төмрийн хүдэр болон бусад ачааг тээвэрлэдэг. БНСУ, Япон, Энэтхэг зэрэг улстай түлхүү харилцаатай бөгөөд Зүүн өмнөд Азийн бүс нутагт хамгийн ойр, дөт байрладгаараа давуу талтай. 2014 онд нийт ачаа эргэлт нь 335 сая тонн, энэ нь дэлхийд 11-р байрт эрэмблэгдэж байсан. Мөн “Рижоу” боомтыг Бүгд Найрамдах Энэтхэг улс ихээхэн сонирхож, хамтын харилцаатай байдаг нь бидний хувьд тус улс руу уул уурхайн бүтээгдэхүүнийг экспортлох далайн бас нэг гарц гэж харж байна.

Шинэ мэдээ


Үйл явдлын мэдээ