Монгол Улсын Далайн захиргаа, БНСУ-ын “Саммок шиппинг” ХХК-тай хамтарсан далайн тээврийн компани байгуулах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэнтэй холбогдуулан “Шарын гол” ХК-ийн хүсэлтийн дагуу холбогдох төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтанд ЗТЯ-ны Далай ашиглалт, усан замын тээврийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Мөнхболд, Далайн захиргааны дарга Х.Энхбаатар, мэргэжилтэн С.Наранцэцэг, “Шарын гол” ХК-иас Борлуулалт, маркетингийн хэлтсийн дарга М.Цэнгэл, Маркетинг менежер Б.Даваадорж, Угаах үйлдвэрийн менежер н.Мөнх-Оргил нар оролцож, уурхайн “Нүүрс угаах үйлдвэр”-ийн үйл ажиллагааг танилцуулаад цаашид хамтарсан компанитай туршилтын тээвэрлэлтээр хамтран ажиллах сонирхолтой байгааг илэрхийлсэн.
Уулзалтын төгсгөлд “Шарын гол” ХК-ийн зүгээс 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдөр болох “Нүүрс угаах үйлдвэр”-ийн нээлтийн үйл ажиллагаанд Зам, тээврийн яам болон Далайн захиргааны удирдлагуудыг ирж оролцохыг хүсээд Улаанбаатар хотноо ирэх сарын 18-20-ны өдрүүдэд болох “Mongolia Business Summit 2015” олон улсын эдийн засаг, бизнес форумын үеэр хоёр тал хамтран ажиллах гэрээг үзэглэхээр тохиролцов.