МОНГОЛ УЛСЫН БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ

Монгол Улсын Их Хурлын 2001 оны 57 дугаар тогтоолын хавсралт 

МОНГОЛ УЛСЫН БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ

Нэг. Оршил
Эх газрын эрс тэс уур амьсгалтай, экологийн эмзэг орчин бүхий уул, тал хээр, говь цөл хосолсон өргөн уудам нутагт Монгол Улсын цөөн хүн ам эртнээс нааш таруу сийрэг суурьшин, бэлчээрийн мал аж ахуй голлон эрхэлж нутаг усныхнаараа нэг нэгнээ дэмжин амьдарч, "нүүдлийн" гэж нэрлэгдсэн нэн өвөрмөц зан заншил, ахуй, соёлыг бүтээн, үе үеийнхэндээ залгамжлуулж ирсэн нь байгаль, цаг уурын хувьсал, өөрчлөлтөд дасан зохицохыг эрмэлзсэн жам ёсны хандлага байв. 20 дугаар зууны 30-аад оноос эхлэн Монгол Улс аж үйлдвэр, тариалангийн салбарыг шинээр үүсгэн, хөдөөгийн хүн амд үйлчлэх  зориулалттай зам харилцаа, сургууль, эмнэлэг, соёлын газар бүхий хот, тосгоныг олноор байгуулах болсон байна. Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хот, аймгийн бусад төвүүдийг үүсгэн хөгжүүлсэн нь монголчуудын амьдралын хэв маягийг суурин соёл иргэншлийн ололтоор баяжуулж, үндэсний эдийн засаг, соёлын дэвшлийг түргэтгэхэд чухал үүрэг гүйцэтгэж иржээ. Эдгээр хот, суурин нь Монгол улсад ардчилал, зах зээлийн харилцаа хөгжих эхлэлийг тавьж, монгол хүн өмчийн жинхэнэ эзэн болж, ажиллаж амьдрах, сурч боловсрох эрхээ чөлөөтэй сонгох орчин болж байна.
Нөгөө талаас үйлдвэр хөгжүүлэх, хот байгуулах ажлыг байгаль орчны даац, чадавх, бэлчээрийн мал аж ахуйд түшиглэсэн хүн амын нүүдлийн хэв шинжийн нутагшилтын онцлогтой сайтар уялдуулж оновчтой зохион байгуулж ирээгүйгээс ой, ус, бэлчээрийн ургамал, ан амьтны нөөц хомсдож, орон нутгийн олон хот суурин тодорхой чиг үүрэггүй орхигдож, байгаль орчин, нийгмийн хөгжлийн тэнцэл алдагдах хандлагатай болсон байна.
Хүн ам, үйлдвэр, үйлчилгээний газрууд Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хот болон гол төмөр замын дагуух бүс нутагт хэт бөөгнөрсөн нь хүн амын амьдрах орчны чанар байдлыг муутган, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд төвөг учруулж, ажилгүйдэл, ядуурал ихсэхэд нөлөөлж байна.
Гэтэл дээрх гурван хот, Төв, Сэлэнгэ аймгийн нутгийг оролцуулахгүйгээр тус улсын газар нутгийн 92,1, малын тооны 89,6, усны нөөцийн 80,7, ойн нөөцийн 73,4 хувь, эрдсийн баялаг болон биологийн төрөл зүйлийн арвин нөөц бүхий бусад аймаг зах зээлийн харилцаанд жинхэнэ утгаараа шилжиж чадаагүй, хөгжлийн түвшнээр хоцронгуй байдалтай болсон байна. Энэ нь хөдөөгийн хүн ам төв, суурин газар руу олноор шилжин нүүдэллэх үндсэн шалтгаан болж байна.
Орон нутгийн хөгжлийн хоцронгуй байдал нь Монгол Улсын эдийн засгийг газар зүйн байрлалынх нь дагуу гадаад орнуудтай холбон хөгжүүлж, гадаад хамтын ажиллагааны үр өгөөжийг нэмэгдүүлэх боломжийг ч хязгаарлаж байна.
Эдийн засаг, нийгмийн хөгжлийн нутаг дэвсгэрийн тэнцвэргүй байдлыг бууруулах явдал Монгол Улс XXI зууны тогтвортой хөгжлийн замд дэвшин орох нэн чухал угтвар  нөхцөл мөн.
Аймаг, сумдын аж ахуйн бие даасан байдлыг тэдгээрийн дотоодын нөөцөөр хангах бололцоогүй бөгөөд улсын хөрөнгийг  засаг захиргааны олон жижиг нэгжид тарааж хуваарилах нь үр ашиггүй болохыг өмнөх түүхийн сургамж,  зах зээлийн өнөөгийн шинэ нөхцөл байдал харуулж байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн "Төр  нь үндэсний аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна" гэсэн заалтыг үндэслэл болгон боловсруулсан "Монгол Улсын Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал"-д Монгол Улсыг бүсчлэн хөгжүүлэх /цаашид "бүсчилсэн хөгжил" гэх/ арга замыг боловсруулж, бүсчлэлээр дамжуулан нутаг дэвсгэрийн хөгжлийн тэнцвэрийг хангах төрийн байгуулалт, эдийн засаг, нийгэм соёл, хүн амын нутагшилт, хот байгуулалт,  гадаад хамтын ажиллагааны таатай орчныг бүрдүүлэх, эдийн засгийн бүсүүдийн хүрээнд бүс нутаг-хот байгуулалтын уялдааг хангах замаар аймаг, орон нутгийн хөгжлийг дэмжих төрийн бодлого, зохицуулалтын тогтолцоог бий болгох чиглэл, үйл ажиллагааны зарчмын үндсийг тодорхойлж байна.

Хоёр. Бүсчилсэн хөгжлийн үндэслэл
2.1. Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын эрхэм зорилго нь тус улсын газар, түүний баялаг, газар тариалан, мал аж ахуйн гаралтай түүхий эдийн нөөц, оюуны чадавхийг байгаль орчны даацад зохицуулан оновчтой ашиглах үндсэн дээр хүн ам, үйлдвэрлэлийн өнөөгийн зохисгүй бөөгнөрлийг задалж, хот, хөдөөгийн хөгжлийн ялгаа, аймаг, бүс нутаг хоорондын тэгш бус, тэнцвэргүй байдлыг багасгаж хөгжлийн түвшинг ойртуулах, үндэсний эдийн засаг, нийгмийн дэвшлийг түргэтгэх дотоод, гадаад таатай орчныг бүрдүүлэхэд оршино.
2.2. Эрхэм зорилгыг хэрэгжүүлэхэд байгаль орчиндоо зохицсон бэлчээрийн мал аж ахуйн орон зайн зохион байгуулалтын дэвшилттэй бүхнийг орчин үеийн суурин соёл иргэншлийн ололттой зүй зохистой хослуулах зарчмыг баримтална.
2.3. Эрхэм зорилгод хүрэхийн тулд дараахь зорилтыг хэрэгжүүлэх явдлыг тэргүүлэх ач холбогдолтой гэж үзнэ:
2.3.1. төрийн байгуулалтын хүрээнд: бүс нутгийг тэнцвэртэй хөгжүүлэх үндэсний нийтлэг эрх ашгийг, аймаг, нийслэл, хот, тосгон, сум, аж ахуйн нэгж, байгууллагын хууль ёсны ашиг сонирхолтой хосолж, засаг захиргаа-нутаг дэвсгэрийн байгууламжийг цаашид боловсронгуй болгох эдийн засаг, зохион байгуулалт, нийгэм-сэтгэл зүйн орчныг бүрдүүлэх.
2.3.2. эдийн засгийн хүрээнд: тухайн бүс дотроо аймаг, сум бүр голлон эрхлэх аж ахуйн чиглэлээ зөв тогтоон,  өөр хоорондоо хоршин хөгжих бизнесийн орчныг бүрдүүлэх, дотоод, гадаад зах зээлтэй зохистой холбоо тогтоож, аймаг, бүс нутаг хоорондын хөгжлийн тэнцвэргүй, тэгш бус байдлыг багасгах,  эдийн засгийн өсөлт, үр ашгийг тогтвортой нэмэгдүүлэх нөхцөлийг хангах.
2.3.3. нийгэм, соёлын хүрээнд: хүн ам тухайн нутагтаа тогтвор, суурьшилтай ажиллаж, амьдрах, сурч боловсрох, эрүүл мэндийн үйлчилгээ хүртэх, мэдээлэл авах эрхээ чөлөөтэй эдлэх, аймаг, орон нутгийнхаа амьдралд идэвхтэй, эрх тэгш хамтран оролцох, улмаар хөдөөгийн хүн амын хөдөлмөр, нийгмийн хамгаалал, эрүүл мэнд, боловсрол, соёл, урлаг, мэдээлэл, ахуйн үйлчилгээний тогтолцоог бэхжүүлж, бүс нутгийн харьцангуй жигд хөгжлийг хангах нөхцөлийг бүрдүүлэх.
2.3.4. байгаль орчныг хамгаалах хүрээнд: бүс нутгийн хөгжлийг тэнцвэржүүлэх үүднээс тухайн бүсийнхээ байгалийн баялгийн нөөцийг ашигласны эцсийн үр өгөөжийг адил тэнцүү хүртэх, байгаль орчныг хамгаалах нийтлэг асуудлыг аймаг, сум, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн хамтын хүчээр шийдвэрлэж экологийн тэнцвэртэй байдлыг хангах  нөхцөлийг  бүрдүүлэх.
2.3.5. хүн амын нутагшилт, хот байгуулалтын хүрээнд: тухайн бүсийн хэмжээнд хот, тосгон, хөдөөгийн хүн амын нутагшилт, суурьшлын харилцан уялдсан тогтолцоог бүрдүүлж, нутаг дэвсгэрийн тэнцвэрт хөгжлийг тэтгэх чадвар бүхий бүс нутаг, хотжилтын  нэгдмэл орчныг бий болгох.
2.3.6. гадаад хамтын ажиллагааны хүрээнд: тус орны тээвэр-газар зүйн байрлалын дагуу бүс нутгуудыг олон улсын худалдаа-эдийн засгийн сүлжээнд зохистой холбож, орон нутгийн болон үндэсний хөгжлийг түргэтгэх гадаад харилцааны боломжийг бүрэн дүүрэн ашиглах нөхцөлийг хангах.

Гурав. Гол үзэл санаа
3.1. Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын зорилго, зорилтыг хангах үндсэн арга зам нь Монгол Улсад эдийн засгийн бүсчлэл тогтоож, түүгээр дамжуулан бүс нутаг, хот, хөдөөгийн хөгжлийн нэгдмэл болон харьцангуй бие даасан тогтолцоонд суурилсан бүс нутгийн эдийн засаг, нийгмийн цогцолборуудыг бүрдүүлэх явдал мөн.
3.2. Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дор дурдсан нэр томъёог дараахь утгаар ойлгоно:
3.2.1. "эдийн засгийн бүсчлэл" гэж бүсчилсэн хөгжлийн зорилгод нийцүүлэн Монгол Улсын нутаг дэвсгэрийг дотоод зах зээл хөгжих, гадаад зах зээлтэй зохистой холбох газар зүйн байрлалын боломж, аймаг, сумдын аж ахуй, соёлын уламжлалт харилцаа холбоо, эдийн засаг,  нийгмийн хөгжлийн зорилтын нийтлэг байдал, байгаль, түүхий эдийн нөөц, оюуны чадавхийг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж болон салбар хоорондын хамтын ажиллагааны хүрээгээр бүрэн зохистой  хоршин ашиглах боломж зэргээр нь эдийн засгийн бүсүүд болгон зохион байгуулж, эдийн засаг, дэд бүтцийн хөгжлийг уг бүсүүдээр зохицуулах үйл ажиллагааг;
3.2.2. "эдийн засгийн бүс" гэж нутаг дэвсгэрийн хөгжлийн тэнцвэрийг хангах зорилгоор үндэсний хэмжээнд, бүс нутгийн хөгжлийг түргэтгэх, тодорхой нутгийн түвшинд эдийн засгийг төрөөс зохицуулах нийтлэг болон ялгавартай бодлого явуулах шаардлагыг харгалзан тогтоосон нутаг дэвсгэрийн зааг хүрээг;
3.2.3. "бүс нутаг" гэж аймаг, сум, нийслэл, дүүрэг, хот, тосгоны хоорондын нийгэм, эдийн засгийн харилцаа холбоо, тусгай хамгаалалттай газар нутаг, тэдгээрийн орчны бүс, хүн амын нутагшилт, хөдөө аж ахуй, аялал жуулчлал болон аж ахуйн бусад салбар /салбар хоорондын/-ын уялдаа холбооны орон зайн хөгжил, байршлын хүрээг хамарсан  Монгол Улсын нутаг дэвсгэрийн тодорхой хэсэг буюу эдийн засаг, нийгмийн цогцолборыг;
3.3. Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын зорилго, зорилтыг эдийн засгийн бүс, бүс нутаг, хот-хөдөөгийн хөгжлийн нэгдмэл тогтолцооны хүрээнд хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага нь байгаль орчны даац, чадавх, түүнд зохицуулан нүүдлийн аж ахуй, соёлын өв уламжлалыг хадгалан хөгжүүлэх үндэсний хэрэгцээ, хот суурин, дэд бүтцийн оновчтой сүлжээнд үндэслэн орчин үеийн соёл, иргэншлийн ололтыг бүтээлчээр хөгжүүлэн нийгмийн дэвшлийг түргэтгэх, дэлхийн нийтлэг хандлага зэргийг хамтад нь бодолцсон Монгол Улсын тогтвортой хөгжлийн  стратегиас урган гарч байна.
3.4. Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын зорилтыг хэрэгжүүлэхийн тулд улсын хэмжээнд, эдийн засгийн бүс,  бүс нутаг,  хот-хөдөөгийн хөгжлийн харилцан уялдсан нэгдмэл тогтолцоо, эдийн засгийн бүсүүдийн хэмжээнд, бүс нутаг, хот-хөдөөгийн хөгжлийн харьцангуй бие даасан тогтолцоог  бүрдүүлэх шаардлагатай бөгөөд энэ үйл явцыг төрөөс нэгдсэн болон нутаг дэвсгэрийн ялгавартай бодлогоор дэмжин зохицуулна.
3.5. Бүсүүдийн хүрээнд эдийн засгийн бүс,  бүс нутаг,  хот-хөдөөгийн хөгжлийн харьцангуй бие даасан тогтолцоог бүрдүүлэхдээ, алслагдсан, говийн түүнчлэн сул хөгжилтэй бүс нутгийн хөгжлийг дэмжихийн хамт бүс нутгийн аж ахуйн бие даасан байдал, үндэсний эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад гол нөлөөтэй, хөгжлийн ирээдүй сайтай бүс нутаг, хот сууринг тэргүүн ээлжинд сонгон хөгжүүлж, түүнд ойр байгаа бусад нутгийг  татан оролцуулах чиглэл баримтална.
3.6. Эдийн засгийн бүсүүдийн хуваарийг тогтоохдоо, нэгдүгээрт: аймаг, орон нутгийн хүн амын аж байдлын түвшний ялгаа, түүнийг жигдрүүлэх асуудлыг тухайн бүсийн хүрээнд шийдвэрлэх дотоод, гадаад зах зээлийн болон төрийн зохицуулалтын боломж, газар, түүний баялгийг хамгаалах, ашиглах эзэмших зохимжит чиг хандлага зэргийг бодолцсон нийгэм, экологийн хүчин зүйлсийн; хоёрдугаарт: аймаг, сум, аж ахуйн нэгж, байгууллага хоорондын хоршил холбоонд түшиглэн тухайн бүсийн хүн амын хэрэгцээг хангах, байгаль орчныг хамгаалах шаардлагад зохицсон үйлдвэрлэл, үйлчилгээний зохистой бүтэц бүхий дотоод, гадаад зах зээлд өрсөлдөх чадвартай нэг буюу хэд хэдэн бүтээгдэхүүнээр улсын хэмжээнд төрөлжсөн, бүс нутгийн аж ахуйн бие даасан цогцолборууд бүрдэх ирээдүйн төлөвийг баримжаалсан эдийн засаг, зах зээлийн хүчин зүйлсийн; гуравдугаарт: хот, тосгоны зэрэглэл тогтоон, тэдгээрийн дотроос хөдөөгийн хүн амын амьдралыг бүс нутгийн дотоод, гадаад орчинтой дэд бүтцийн сүлжээгээр зохистой холбон зохион байгуулах боломжтой, ирээдүй сайтай байршсан хот, тосгоныг бүсийн, сум дундын буюу бүлэг суурингийн төв болгон сонгон хөгжүүлэх нөхцөлийг харгалзсан дэд бүтэц, хот байгуулалтын хүчин зүйлсийн аргуудыг хослон хэрэглэнэ.
3.7. Эдийн засгийн бүсчлэлийн хүрээнд эдийн засгийн бүс,  бүс нутаг,  хот-хөдөөгийн хөгжлийн нэгдмэл тогтолцоог бүрдүүлэх гол орчин нь Монгол Улсын хөгжлийн салбарын болон нутаг дэвсгэрийн зохион байгуулалт мөн.
3.8. Дэд бүтцийн хэвтээ, босоо тэнхлэгүүдийг нутаг дэвсгэрийн болон салбарын дараахь бүрдэл хэсгүүдтэй байхаар зохион байгуулахыг зохистой гэж үзнэ:
3.8.1. хэвтээ тэнхлэгийг аймаг, сум, нийслэл, дүүрэг, хот, тосгон, бүсийн төвүүд, худалдаа-эдийн засгийн чөлөөт бүсүүд, ашигт малтмал олборлолт, боловсруулалтын болон аялал жуулчлалын бүс нутгууд, түргэн хөгжих ирээдүйтэй бусад бүс нутаг, тэдгээрийг улс орны дотоод, гадаад зах зээлтэй холбосон эрчим хүч, зам харилцаа, орчин үеийн холбоо, мэдээлэл, бөөний худалдааны сүлжээг хамарсан нутаг дэвсгэрийн бүрдэл хэсгүүдтэй;
3.8.2. босоо тэнхлэгийг хувийн хэвшилд түшиглэн зах зээлд өрсөлдөн тогтвортой хөгжих чадвар бүхий аж ахуйн нэгж, байгууллагын тогтолцоо, тэдгээрийн дотоод, гадаад хүрээний үйлдвэрлэл, үйлчилгээний технологийн дагналт, хоршилт, банк санхүү, удирдлага, төлөвлөлт, зохион байгуулалт, бүртгэл, мэдээлэл, тооцооллын урсгал, хүрээлэн байгаа орчны зохицолдоог хамарсан салбарын бүрдэл хэсгүүдтэй.
3.9. Эдийн засгийн бүс, бүс нутаг, хот-хөдөөгийн хөгжлийн харьцангуй бие даасан тогтолцоог өөр хооронд нь болон улмаар гадаад зах зээлтэй зохистой холбож, үндэсний болон бүс нутгийн аж ахуйн бие даасан байдлыг хангах явдлыг үндэсний аюулгүй байдлын чухал хүчин зүйл гэж үзнэ.
 
3.10. Үндэсний аюулгүй байдлыг хангах үүднээс эдийн засгийн бүс, бүс нутаг, хот-хөдөөгийн хөгжлийн тогтолцооны уялдаа холбоог дор дурдсан зарчимд нийцүүлэн зохион байгуулна:
3.10.1. эдийн засгийн бүсүүдийн тухайд, тухайн бүсийн улс орны эдийн засагт оруулах хувь нэмэр, тэрчлэн гадаад харилцааны боломжийг нэмэгдүүлэхэд оруулах хувь нэмрийг адил тэнцүү байлгах хандлагаар нутаг дэвсгэрийн хөгжлийн тэнцвэрийг хангах;
3.10.2. бүс нутгийн хувьд нутаг дэвсгэрийн болон салбар хоорондын уялдаа холбоог гүнзгийрүүлэх замаар эдийн засгийн тухайн бүсийн хүрээнд аймаг, нийслэлийн аж ахуйн бие даасан байдлыг дээшлүүлэх;
3.10.3. хүн амын нутагшилт, суурьшилтын олон төвтэй тогтолцоог бүрдүүлж, суурин болон нүүдлийн амьдралын хэв маягийг оновчтой хослох.
3.11. Монгол Улсад бүс, бүс нутаг, хот байгуулалтын тогтолцоог өөр хооронд нь болон улс орны дотоод, гадаад орчинтой холбогч гол шижим нь дэд бүтцийн сүлжээг өргөтгөн сайжруулах явдал мөн.
3.12. Дэд бүтцийн сүлжээг өргөтгөн сайжруулахад дор дурдсан нөхцөлийг харгалзана:
3.12.1. эдийн засгийн бүсүүдийн хүрээгээр дотоод зах зээлд болон улс хооронд дамжин өнгөрөх ачаа урсгалын эрчим;
3.12.2. нээлттэй гадаад харилцаа өргөжихийн хэрээр иргэд бүсүүдийн хооронд болон дотоод, гадаадад зорчин явах хэрэгцээ;
3.12.3. дэлхийн хөгжингүй орнуудаас алслагдсан, далайд гарцгүй эх газрын байрлалтай, орон зайн саадыг гэтлэх өртөг зардал ихтэй, ачаа үүсэл, шингээлт багатай Монгол Улсын нөхцөлд агаарын тээврийг эрчимтэй хөгжүүлэх шаардлага;
3.12.4. эдийн засгийн хөгжлийн үр ашгийг дээшлүүлэх, улс хоорондын болон бүс  нутаг хоорондын тогтвортой уялдаа холбоог хангахтай холбогдон төмөр замын сүлжээг өргөтгөх хэрэгцээ:
3.12.5. гадаад орны тусламж, дэмжлэг, дотоодын хүч нөөцөд түшиглэн нийслэл, бүсийн төв, чөлөөт бүсүүдээр дамжуулан Монгол Улсын газар нутгийг олон улсын хамтын ажиллагааны бүс нутгуудтай холбож, үндэсний эдийн засгийн өсөлтийн хурдцыг нэмэгдүүлэх боломж, орон нутгийг бага зардлаар холбож нутаг дэвсгэрийн дотоод тэнцвэрийг хангах шаардлага зэргийг харгалзан автотээврийн хөндлөн болон гол төмөр замын дагуух авто замыг тэргүүн ээлжинд сайжруулах шаардлага;
3.12.6. авто замын төрөл, чиглэл, үйлчлэх хүрээг сонгох нь бүс нутгийн байгаль цаг уурын өөрчлөлт, газар ашиглах, эзэмших чиг хандлага, байгалийн баялгийг хамтран ашиглах гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын сонирхолоос улам бүр хамаарч байгаа өнөөгийн нөхцөл байдал;
3.12.7. аймаг, бүс нутгийн аж ахуйн бие даасан байдал, тэдгээрийн хоорондын уялдааг сайжруулах, хүн амын шилжих хөдөлгөөнийг зохистой болгоход эрчим хүч, нийгмийн үйлчилгээний болон банк, санхүү, бөөний худалдаа, холбоо, мэдээллийн бүс нутгийн сүлжээг нэн түрүүнд байгуулах шаардлага;
3.12.8. олон улсын байгууллага, гадаад орны дэмжлэгээр Монгол Улсыг улс хоорондын ач холбогдолтой дэд бүтцийн сүлжээнд холбох явдлыг стратегийн ач холбогдолтой гэж үзэхийн хамт, ийнхүү холбогдсон тохиолдолд уг сүлжээний ашиглалтыг  Монголын талаас хариуцах чадвар, үүрэг, хариуцлагыг дээшлүүлэх бололцоо, нөхцөл.
3.13. Нийслэл хот нь засаг захиргааны болон соёл, шинжлэх ухаан,  мэдээлэл, гадаад харилцааны байгууллагууд  зонхилон байрласан харьцангуй цөөн хүн амтай, экологийн эрүүл орчинтой, архитектурын зохиомж сайтай, нийгмийн харилцааны гол төв болохуйц зохистой байршилтай болж байгаа зэрэг орчин үеийн дэлхий нийтийн өөрчлөлтийн түгээмэл хандлагыг харгалзан Монгол Улсын нийслэлийн байршил, чиг үүргийг оновчтой тогтоох асуудлыг бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал хэрэгжих орчинтой холбон зохистой шийдвэрлэнэ.
3.14. Аймаг, нийслэл нь төрийн нэгдсэн бодлоготой уялдсан хүн амын амьдрах экологи, нийгмийн таатай орчныг бүрдүүлэх, зах зээлд өрсөлдөх чадвар бүхий үйлдвэрлэл, үйлчилгээг  сонгон хөгжүүлэх, хот, дүүрэг, тосгон, сум, багийн хоорондын аж ахуйн хоршилт, дэд бүтцийн уялдааг хангах зэрэг бүс нутгийн хөгжлийн нийтлэг асуудлыг шийдвэрлэхэд орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, төрийн болон нутгийн захиргаа, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн хамтын хүч чармайлтыг нэгтгэн зохион байгуулах шаардлагатай бөгөөд энэ зорилгоор нутаг дэвсгэрээ /сум, дүүргээ/ бүсчлэн хөгжүүлэх явдлыг бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын бүрэлдэхүүн хэсэг гэж үзнэ.
3.15. Эдийн засгийн бүсчлэлийн хүрээнд эдийн засгийн бүс, бүс нутаг-хот байгуулалтын нэгдмэл тогтолцоо бүрэлдэж, улс үндэсний хөгжлийг түргэтгэх нутаг дэвсгэрийн зохион байгуулалтын дотоод, гадаад орчин сайжрахын хирээр аймаг, сум, нийслэл, дүүрэг, хот, тосгон хоорондын харилцаа холбоо бэхжиж Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн одоогийн байгууламжийг ардчилал, зах зээлийн нөхцөлд зохицуулан боловсронгуй болгож эхэлнэ.
3.16. Монгол Улс бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг дэвшүүлэхдээ эдийн засгийн бүсүүдээр дамжуулан аймаг, орон нутгийг гадаад зах зээлтэй холбон олон улсын хамтын ажиллагааны үр өгөөжийг нэмэгдүүлэхийг зорихын хамт, өргөн уудам газар нутаг, эрдсийн болон мал аж ахуйн гаралтай түүхий эдийн нөөц, хүн амын оюуны чадавх, биологийн төрөл зүйл, түүх соёлын өв сангаа тогтвортой хөгжлийн зорилгод зохистой ашиглах боломжтойгоо нээн харуулж, хүн төрөлхтний  хөгжлийн нийтлэг сонирхол, хэрэгцээг хангахад өөрийн хувь нэмрээ оруулахыг эрмэлзэнэ.

Дөрөв. Бүсчилсэн хөгжлийг дэмжих төрийн зохицуулалт
4.1. Бүсчилсэн хөгжлийг төрөөс дэмжих бодлогын гол чиглэл нь Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хот, тэдгээрийн орчмын нутгийн хүн ам, үйлдвэрлэл, үйлчилгээний хэт бөөгнөрөл, удирдлагын төвлөрөл, экологийн тэнцлийн алдагдлыг сааруулж, бүсүүдийн хөгжлийн түвшинг эрэмбэ дараатай дээшлүүлэх явдал юм.
4.2. Бодлогын гол чиглэлийг хэрэгжүүлэх үндсэн арга хэрэглүүр болгон Монгол Улсад  эдийн засгийн Баруун, Хангайн, Төвийн, Зүүн гэсэн дөрвөн бүсийг тогтоож, Улаанбаатар хотыг бие даасан бүсийн жишгээр хөгжүүлнэ. 
4.3. Монгол Улсын эдийн засгийн бүс бүрд хамаарах аймгуудын ерөнхий хуваарийг дараахь байдлаар тогтоож, хөгжлийн тухайн үеийн нөхцөл байдалтай уялдуулан уг хуваарийг уян хатан өөрчилж байна:
4.3.1. баруун бүсэд: Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд;
4.3.2. хангайн бүсэд: Архангай, Баянхонгор, Булган, Орхон, Өвөрхангай, Хөвсгөл;
4.3.3. төвийн бүсэд: Говь-Сүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Сэлэнгэ, Төв;
4.3.4.  зүүн бүсэд:  Дорнод, Сүхбаатар, Хэнтий.
4.3.5. Улаанбаатарын бүсэд: нийслэл хот, түүний дүүргүүдийн нутаг дэвсгэр, хот орчмын бүсийн дагуул хотууд тус тус орно.
4.4. Монгол Улсын аймгууд нь байгаль орчны даац, хүн, малын байршил, эдийн засаг, нийгмийн зорилтоороо харьцангуй ойролцоо шинж төлөвтэйг харгалзан эдийн засгийн бүсүүдэд аж ахуйн дараахь салбарыг нийтлэг байдлаар хөгжүүлнэ:
4.4.1. мал аж ахуй;
4.4.2. хөнгөн, хүнсний үйлдвэр;
4.4.3. уул уурхайн олборлох, боловсруулах үйлдвэр;
4.4.4. барилга, барилгын материалын үйлдвэр;
4.4.5. оюуны багтаамж ихтэй үйлдвэрлэл, үйлчилгээ;
4.4.6. аялал жуулчлал, амралт, рашаан сувилал;
4.4.7. үйлдвэрлэл, нийгмийн үйлчилгээний дэд бүтцийн салбарууд;
4.4.8. зах зээлийн дэд бүтцийн бүрдэл хэсгүүд.
4.5. Бүсүүдийн байгаль, түүхий эдийн нөөц, оюуны чадавхийг харгалзан баруун бүсэд: бэлчээрийн мал аж ахуй, усалгаатай тариалан, жижиг, дунд боловсруулах үйлдвэрийг;  хангайн бүсэд: бэлчээрийн мал аж ахуй, газар тариалан, аялал жуулчлал, амралт, сувилал, жижиг дунд үйлдвэр, уул уурхайн олборлох, боловсруулах үйлдвэр; мод боловсруулах үйлдвэрийг; төвийн бүсэд: бэлчээрийн болон эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан, уул уурхайн олборлох, боловсруулах үйлдвэр, жижиг, дунд үйлдвэр, аялал жуулчлал, амралт сувиллын үйлчилгээ, оюуны багтаамж ихтэй бусад үйлдвэрлэл, үйлчилгээг; зүүн бүсэд: уул уурхайн олборлох, боловсруулах үйлдвэр, эрчимжсэн газар тариалан, мал аж ахуй, жижиг, дунд үйлдвэр, аялал жуулчлалыг; Улаанбаатарын бүсэд: оюуны багтаамж ихтэй бүх төрлийн үйлдвэр, үйлчилгээ, олон улсын банк санхүүгийн сүлжээг  тус тус тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлнэ.
4.6.  Дэд бүтцийн босоо тэнхлэгүүдийг өмнөд- умардын, хэвтээ тэнхлэгийг өрнө- дорнын бүс нутгийн орнуудтай холбож олон улсын хамтын ажиллагааг  өргөжүүлнэ.
4.7. Бүсчилсэн хөгжлийн зорилго, зорилтыг дараахь бодлогоор дэмжин хэрэгжүүлнэ:
4.7.1. төрийн байгуулалтын хүрээнд: .
4.7.1.а. бүсчилсэн хөгжлийг төрөөс дэмжих эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлэх;
4.7.1.б. бүсийн болон бүс нутгийн хөгжлийн стратегийг тодорхойлж, тэдгээрийг хэрэгжүүлэх төлөвлөлт, удирдлага, зохион байгуулалтын тогтолцоог боловсронгуй болгох;
4.7.1.в. бүсийн хөгжлийг төсөв, татвар, хөрөнгө оруулалт, мөнгө зээлийн бодлогоор дэмжих; 
4.7.1.г. бүс нутагт банк, санхүү, даатгалын тогтолцоог бүрдүүлэх;
4.7.1.д. бүс нутгийн хөгжлийг дэмжих үйл ажиллагаанд аж ахуйн нэгж, байгууллага, иргэд, гадаадын хөрөнгө оруулагчдын оролцоог дэмжин урамшуулах;
4.7.1.е. бүс нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийн нийтлэг зорилтыг шийдвэрлэхэд аймаг, нийслэл, хот, тосгоны хамтын ажиллагааг өргөжүүлэх;
4.7.1.ж. бүсчилсэн хөгжлийн асуудлаар төв, орон нутгийн төрийн захиргааны байгууллага хоорондын ажлын уялдаа, харилцан  мэдээлэл, зохицуулалтыг хангах;
4.7.1.з. бүс нутаг, хот байгуулалтын судалгаа, шинжилгээ, сургалт, сурталчилгааны ажлыг хөхүүлэн дэмжих;
4.7.1.и. бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал хэрэгжих орчинтой уялдуулан засаг захиргаа нутаг дэвсгэрийн байгууламжийг боловсронгуй болгох;
 4.7.2. эдийн засгийн байгуулалтын хүрээнд:
4.7.2.а. бүс нутгийн байгаль орчны даац, чадавхийг бүрэн зохистой ашиглах,  орон нутгийн хүн амын хөдөлмөрийн дадлага, чадварыг дээшлүүлэх шаардлагад зохицсон жижиг, дунд үйлдвэрлэлийн сүлжээ бүрдүүлэх;
4.7.2.б. дэлхийн зах зээлийн болон дотоодын хэрэгцээг харгалзан  бүсүүдийн хүрээнд импортыг орлох, гадаад зах зээлд өрсөлдөх чадвар бүхий олон улсын стандартад нийцсэн, экологийн хувьд цэвэр бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээг дэмжин хөгжүүлэх;
4.7.2.в. алслагдсан, говийн түүнчлэн сул  хөгжилтэй бүс нутгийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх;
4.7.2.г. тухайн бүсийн хүрээнд аймаг, нийслэл, хот, тосгоны хоорондын, салбар хоорондын аж ахуйн хоршилт, хослолыг дэмжин хөгжүүлэх;
4.7.2.д. сумын хөгжлийн хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх;
4.7.2.е. бүсүүдэд дотоод, гадаадын аж ахуйн нэгж, байгууллага шинээр байгуулах буюу өөрийн салбар, нэгжээ байгуулж ажиллахыг хөхүүлэн дэмжих;
4.7.2.ж. бүсийн төвүүдийг хооронд нь болон бусад хот, тосгонтой холбосон эрчим хүч, зам барилга, холбоо, мэдээллийн технологийн дэд бүтэц, сум дундын бөөний худалдааны сүлжээ байгуулах ажлыг төрөөс дэмжих;
4.7.2.з. бүсүүдийг хооронд нь болон гадаад улс орнуудтай холбосон хөндлөн гол зам барьж байгуулах үндэсний хөдөлгөөн өрнүүлэх;
4.7.3. байгаль орчныг хамгаалах хүрээнд:
4.7.3.а. нийгмийн хөгжлийг байгаль орчны даац чадавхтай тэнцэлтэй уялдуулахад чухал ач холбогдол бүхий бүсийн болон бүс нутгийн төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх;
 4.7.3.б. уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, байгалийн гамшгийн болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх,  тэдгээрийн үр дагаврыг арилгахтай холбогдсон хяналт, мэдээлэл, тусламжийн бүс нутгийн сүлжээ бүрдүүлэх;
4.7.3.в. байгалийн баялгийг нөхөн сэргээх, хүн амын амьдрах орчны аюулгүй байдлыг хангахтай холбогдсон аймаг, сум дундын ач холбогдол бүхий нийтлэг арга хэмжээг санхүүжүүлэх нэмэлт эх үүсвэрийг бий болгох асуудлыг судлан шийдвэрлэх;
 
4.7.3.г. бүс нутгийн байгалийн баялгийн нөөцийг хэмнэлттэй ашиглах, нөхөн сэргээх, амьдрах орчинд хал багатай дэвшилтэт арга технологи-нэвтрүүлэх, шилжүүлэх үйл ажиллагааг дэмжин урамшуулах;
4.7.3.д. тусгай хамгаалалттай газар нутгийн  менежментийг бүс нутаг, хот, тосгоны хөгжлийн чиг хандлагатай уялдуулан боловсронгуй болгох;
4.7.3.е. бүсийн хүрээнд байгалийн баялгийн нөөц ашигласны эцсийн үр өгөөжийг бүс нутаг бүрийн байгалийн нөөцийн хүрэлцээ, газрын үржил шим, зах зээлийн байрлалаас хамааралгүйгээр тухайн бүсийн аймаг, сумд адил тэнцүү хүртэх орлого хуваарилалтын зохистой тогтолцоог бүрдүүлэх;
4.7.3.ж. бүс нутгийн хөгжлийн асуудлыг байгаль орчны даац, нөөц баялгийн экологи-эдийн засгийн үнэлгээ, төлбөр, тооцооны үндсэн дээр шийдвэрлэх чадвар бүхий бүсийн байгаль орчны төлөвлөлт, удирдлагын бие даасан тогтолцоог бүрдүүлэх;
4.7.3.з. бүсийн хүрээнд тодорхой газар нутгийг гадаадын сонирхогч улс орон, гадаадын хөрөнгө оруулагчдад гэрээний үндсэн дээр урт хугацаагар түрээслэн ашиглуулж байгаль орчин, хөгжлийн асуудлыг иж бүрэн шийдвэрлэх нөхцөлийг хангах;
4.7.4. нийгэм, соёлын хүрээнд: .
4.7.4.а. бүсүүдэд их сургууль, коллежийн салбар, судалгаа, мэдээллийн болон сургалтын төвүүд байгуулахыг дэмжиж тухайн бүс нутгийн хөгжлийн чиглэлтэй уялдсан боловсрол, шинжлэх ухааны шинэ хэв шинж бүхий тогтолцоо бүрдүүлэх;
4.7.4.б.оношлогоо, эмчилгээний бүсийн болон бүс нутгийн     төрөлжсөн төвүүдийг байгуулахын хамт, сум дундын эмнэлгийн үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэхэд чиглэсэн эдийн засгийн хөшүүргийг боловсруулж хэрэгжүүлэх;
4.7.4.в. хөдөөгийн хүн амын ядуурлыг бууруулах, ажил эрхлэлтийг дэмжих сум дундын зориулалтын санхүүгийн механизм бий болгох, алслагдсан болон говийн бүс нутагт ажлын байр бий болгосон хөрөнгө оруулагчдыг татварын бодлогоор урамшуулах;
4.7.4.г. хүн амын амьжиргааны доод түвшин, нийгмийн даатгалын шимтгэлийг бүс нутгийн ялгавартай тогтоох;
4.7.4.д. алслагдсан болон говь нутагт ажиллаж байгаа төрийн албан хаагч, багш, эмч нарт цалин хөлсний нэмэгдэл урамшуулал олгох, амьдралын нөхцөлийг нь сайжруулах, тогтвор суурьшилтай аж төрөхөд нь дэмжлэг үзүүлэх;
4.7.4.е. хүн амын хүнсний хэрэглээний нормыг тогтоож, хүнсний хангамжийг сайжруулах, аюулгүй байдлыг хангах арга хэмжээг бүс нутгийн бодлогод тусган хэрэгжүүлэх;
4.7.4.ж. мэргэжлийн соёл, урлагийн байгууллагыг хот, хөдөөгийн хүн амд үйлчлэх төрөл, хүрээгээр нь бүсчлэн байгуулж, үндэстэн, угсаатны соёл, ёс заншлыг хадгалж өвлүүлэхийн хамт, үндэстэн хоорондын соёл, урлагийн харилцааг хөгжүүлэх таатай орчныг бүрдүүлэх;
4.7.4.з. тухайн бүсийн хүрээнд хот, хөдөөгийн хүн ам амьдрах арга ухаан, хөдөлмөрлөх дадлага, туршлагаа харилцан солилцох, уугуул нутгаа хөгжүүлэх талаар орон нутгийн байгууллага, төрийн бус байгууллагууд хамтран ажиллах явдлыг хөхүүлэн дэмжих.
4.7.5. хүн амын нутагшил, хот байгуулалтын хүрээнд: 
4.7.5.а. бүс нутаг, хот-хөдөөгийн хөгжлийн нэгдмэл тогтолцоо бүрдүүлэх агуулгаар "Хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг"-ыг боловсруулж,  шийдвэрлүүлэн хэрэгжүүлэх; 
4.7.5.б. бүс нутгийн хөгжлийн үндсэн чиглэл, орон нутгийн байгаль, цаг уурын онцлог, хүн амын тоо, түүх, соёлын уламжлал, хот, хөдөөгийн хүн амд үйлчлэх хүрээ зэргийг харгалзан Монгол Улсын хот, тосгоны зохистой хэмжээ, бүтцийн загварыг боловсруулж, хот, тосгоныг үе шаттайгаар  сэргээн хөгжүүлэх;
4.7.5.в. бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын зорилтыг хэрэгжүүлэх шаардлагын дагуу бүсийн төв болгон хөгжүүлэх хотуудын ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, хэрэгжүүлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх; 
4.7.5.г. Улаанбаатарын болон бусад бүсийн хэмжээнд Улаанбаатар хотын хүн ам, үйлдвэрлэл, үйлчилгээний бөөгнөрлийг задлах зохистой чиглэл, хотын оршин суугчдын амьдрах орчны чанар, аюулгүй байдлыг хангах, хотын газрыг үр ашигтай ашиглах, инженерийн шугам сүлжээ, замын байгууламжийг шинэчлэх шаардлагыг бодолцон нийслэл хотын хөгжлийн стратеги, ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, хэрэгжүүлэх үйл ажиллагаанд төр, иргэн,  аж ахуйн нэгж байгууллагын хамтын хүч чармайлтыг нэгтгэн зохион байгуулах;
4.7.5.д. эрх зүй, эдийн засаг, нийгэм сэтгэл зүйн зохих нөхцөлийг бүрдүүлсний үндсэн дээр Монгол Улсын нийслэлийг Улаанбаатар хотоос тус улсын нутаг дэвсгэрийн төв хэсэгт шилжүүлэн байршуулах асуудлыг иж бүрнээр судалж 2020 он хүртлэх хугацаанд шийдвэрлэх;
4.7.5.е. улсын хэмжээнд эдийн засгийн бүсчлэл, хот байгуулалтын стратегийн удирдлага, төлөвлөлтийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлж, эдийн засгийн бүсүүдийн хэмжээнд, нутаг дэвсгэр зохион байгуулалтын товчоод байгуулах ажлыг дэмжих;
4.7.6. гадаад хамтын ажиллагааны хүрээнд:
4.7.6.а. Монгол Улсын нутаг дэвсгэрийг зүүн бүсэд: Чойбалсан-Эрээнцав, Чойбалсан-Сүмбэр-Рашаантын чиглэлээр Азийн орнуудын авто болон төмөр замын сүлжээнд холбож улмаар Зүүн хойт Азийн хамтын ажиллагааны "Түмэн гол" хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд идэвхтэй оролцож, Ази Номхон далайн орнуудтай харилцах гарц нээх; төвийн бүсэд: Алтанбулаг-Сүхбаатар-Улаанбаатар-Сайншанд-Замын үүдийн чиглэлээр Азийн авто болон төмөр замын олон улсын сүлжээнд холбож Ази-Европыг дамжсан улс хоорондын худалдаа-тээврийн харилцааны гол талбар болгох; баруун бүсэд: Цагаан нуур, Хандгайт, Арц суурь, Булган, Бургастайн чиглэлээр ОХУ, БНХАУ-ын худалдаа-эдийн засгийн сүлжээнд холбох зорилтыг үе шаттай хэрэгжүүлэх, цаашид Таван богдын шилийн чиглэлээр улсын хөндлөн гол тэнхлэгийг Дундад Ази, Ойрхи Дорнодын орнуудтай холбох боломжийг судлах; хангайн бүсэд: Бага -Илэнх, Ханх, Тэшиг, Шивээ хүрэнгийн чиглэлээр ОХУ, БНХАУ-тай худалдаа, эдийн засгийн сүлжээнд холбогдох зорилтыг үе шаттайгаар хэрэгжүүлэх;
4.7.6.б. эхний ээлжинд ОХУ-тай хил залгаа "Алтанбулаг" /Сэлэнгэ аймаг/, "Цагааннуур" /Баян-Өлгий аймаг/, БНХАУ-тай хил залгаа "Замын-Үүд"  /Дорноговь аймаг/ боомтод түшиглэн худалдаа, гаалийн тусгай  /чөлөөт/ бүсүүд байгуулж, олон улсын жишгийн дагуу уг бүсүүдийн хүрээнд дотоод, гадаадын худалдаа эрхлэгчид, хөрөнгө оруулагчид харилцан ашигтай, хамтран ажиллах бизнесийн орчныг бүрдүүлэх, зохих туршлага бүрдмэгц Монгол Улсын нутаг дэвсгэрийн гүнд тусгай /чөлөөт/ бүсийг зохистой төрөл, чиглэлээр байгуулах ажлыг өргөжүүлэх;
4.7.6.в. өрнө, дорно, өмнөд, умардын орнуудтай төмөр замаар холбогдох асуудлыг сонирхогч улс орнуудын оролцоотойгоор хамтран судлах;
4.7.6.г. гадаадын сонирхогч орнууд болон гадаадын хөрөнгө оруулагчидтай хамтран Монгол Улсын тодорхой бүс нутгийг хөгжүүлэх иж бүрэн арга хэмжээний хөтөлбөр боловсруулж, түүнийг хэрэгжүүлэх хүрээнд олон улсын банк, санхүү, мэдээлэл, технологийн өндөр үр ашигтай тогтолцоог тогтвортой ашиглах нөхцөлийг бүрдүүлэх;
4.7.6.д. бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын зорилтын хэрэгжилтийг гадаад харилцааны олон сурвалжит бодлогоор дэмжих арга, хөшүүргийг тогтоож, дэлхийн хөгжингүй орнуудаас Монгол Улсад үзүүлж байгаа дэмжлэг, эдийн засгийн хамтын ажиллагааны боломжийг бүс нутгуудын хүрээнд өргөжүүлэн гүнзгийрүүлэх.

Тав. Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын зорилтыг хэрэгжүүлэх үе шат
5.1. Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын зорилго, зорилт нь дараахь үе шатыг дамжин хэрэгжинэ:
5.1.1. 2001-2005 он хүртэлх хугацаанд, эдийн засгийн бүсүүдээр бүс нутгийн хөгжлийг дэмжих эрх зүйн зохицуулалтыг бий болгож, бүсийн хөгжлийн тэргүүлэх чиглэлийг тогтоон, тэдгээрийг улс орны дотоод, гадаад зах зээлд холбох зорилго бүхий хөндлөн гол тэнхлэгийн авто зам буюу "Мянганы зам"-ыг байгуулж эхлэх ба гол төмөр замын дагуу тавьж байгаа хатуу хучилттай авто замыг үргэлжлүүлэн дуусгаж, түүнд хөгжлийн ирээдүй сайтай зарим бүс нутаг, хот сууриныг холбох замаар бүсчилсэн хөгжлийн үндсийг тавина.
Алслагдсан, говийн түүнчлэн сул хөгжилтэй бүс нутгуудын нийгмийн дэвшлийг түргэтгэх хөтөлбөр боловсруулж, хэрэгжилтийг дэмжин зохион байгуулна.
Газар зүйн байрлалын боломж, байгаль, эдийн засгийн чадавх сайтай бүс нутгуудыг сонгон тогтоож, үйлдвэрлэл, үйлчилгээний дэд бүтцийн нь хамт түргэн хурдацтай хөгжүүлэх зорилтыг хэрэгжүүлж эхэлнэ.
Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд сум, орон нутгийг хөгжүүлэх хөтөлбөр боловсруулж орон нутагт жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хүн амын  нийгэм, соёл, ахуйн үйлчилгээг сайжруулах, эрчим хүчний болон бөөний худалдааны сүлжээ байгуулах ажлыг дэмжин хэрэгжүүлж эхэлнэ.
5.1.2. 2010 он хүртэлх хугацаанд Мянганы зам байгуулах ажлыг эрчимтэй үргэлжлүүлэн бүсийн төвүүдийг хооронд нь холбож, тэдгээрийн зах зээлд сум, орон нутгууд хүн амын нийгэм, соёл, боловсролын үйлчилгээний зохистой хүрээгээр татагдан хөгжих орчныг бүрдүүлнэ. Бүсүүдийн хүрээнд аймаг, сум, хот, тосгоны хоорондын, салбар хоорондын банк, санхүү, технологийн болон удирдлагын мэдээллийн уялдаа холбоог сайжруулж, бүс нутгууд олон улсын худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагаанд биеэ даан оролцох зохистой чиглэлийг тогтоон хөгжүүлнэ;
5.1.3. 2010 оноос хойшхи 10 жилд бүсүүдийн хүрээнд бий болсон бүс нутаг хот байгуулалтын нэгдмэл тогтолцоо, бүс хоорондын болон улс хоорондын аж ахуйн хоршилт, дэд бүтцийн сүлжээнд үндэслэн аймаг, бүс нутгийн аж ахуйн бие даасан байдлыг дээшлүүлэх, бүс нутгийн эдийн засаг, нийгмийн тэнцвэрт хөгжлийг хангах, улмаар үндэсний эдийн засаг, нийгмийн дэвшлийг түргэтгэх нутаг дэвсгэрийн бүтэц, зохион байгуулалтын дотоод, гадаад таатай орчин бүрдэж эхэлнэ.

Шинэ мэдээ


Үйл явдлын мэдээ