Засгийн газрын 2000 оны 82 дугаар тогтоолын хавсралт
АЗИ-НОМХОН ДАЛАЙН ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА /АПЕК/-НЫ ХУДАЛДАА, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЛИБЕРАЛЧЛАЛЫН ЧИГЛЭЛЭЭР МОНГОЛ УЛСЫН ӨӨРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ
Оршил
Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагаа /АПЕК/ нь анх 1989 онд байгуулагдсан. АПЕК-ийн гишүүн орнуудын удирдагчдын уулзалт 1993 онд АНУ-ын Сиэтл хотноо, 1994 онд Индонезийн Богор, 1995 онд Японы Осака, 1996 онд Филиппиний Сүбүк, 1997 онд Канадын Ванкуверт гэх мэтчилэн жил бүр болдог. 1994 онд гишүүн орнуудын удирдагчдын уулзалтаар "Ази-Номхон далайн бүс нутагт худалдаа, хөрөнгө оруулалтын чөлөөт тогтолцоо"-г бий болгох хугацаат зорилт тавьсан ба энэхүү тогтолцоонд хөгжингүй орнууд 2010 онд, хөгжиж буй орнууд 2020 онд тус тус шилжих ёстой. Богорт дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх үүднээс 1996 онд Манила хотноо АПЕК-ийн Манилагийн үйл ажиллагааны төлөвлөгөө /МҮАТ/-г баталсан болно. Энэхүү төлөвлөгөөний дагуу АПЕК-ийн гишүүн эдийн засаг тус бүр дангаараа үүрэг амлалт авч, тус бүрийнхээ үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж 1997 оноос хэрэгжүүлж эхэлсэн.
Өнөөгийн байдлаар Австрали, Бруней, Канад, Чили, БНХАУ, Гонг-Конг, Индонез, Япон, БНСУ, Малайз, Мексик, Шинэ Зеланд, Папуа Шинэ Гвиней, Филиппин, Сингапур, Хятадын Тайпей /Тайвань/, Тайланд, АНУ, ОХУ, Перу, Вьетнам зэрэг эдийн засгууд АПЕК-ийн гишүүнээр элсээд байна. 1997 оны 11 дүгээр сард Ванкуверт болсон АПЕК-ийн сайд нар болон удирдагчдын уулзалтаар шинэ гишүүн элсүүлэх шалгуурыг тогтоосон.
Үүнд:
Ази-Номхон далайн бүс нутагт байрласан байх,
Бүс нутагтай өргөн хэмжээний худалдаа-эдийн засгийн харилцаатай байх,Зах зээлийн эдийн засгийг эрхэмлэдэг байх, АПЕК-ийн зорилго, зарчмыг хүлээн зөвшөөрсөн байх, АПЕК-ийн худалдаа, хөрөнгө оруулалтын либералчлалын чиглэлээр орон тус бүр өөрийн үйл ажиллагааныхаа төлөвлөгөөг гаргасан байх.
1997 онд болсон Ванкувэрийн уулзалтаар ОХУ, Перу, Вьетнамыг АПЕК-ийн гишүүнээр шинээр элсүүлж, АПЕК-ийг бэхжүүлэх 10 жилийн хугацаа тогтоож энэ хугацаа дууссаны дараа шинэ гишүүн элсүүлэх асуудлыг авч хэлэлцэхээр тогтсон.
1999 оны байдлаар Монгол Улсын хувьд гадаад худалдааны нийт эргэлтийн 86 хувь, гадаадын хөрөнгө оруулалтын 70 орчим хувь нь АПЕК-ийн гишүүн орнуудад оногдож байна. Манай улс АПЕК-ийн гадаад худалдаа дэмжих, эрчим хүч, аялал жуулчлал, тээвэр гэсэн 4 ажлын хэсэгт зочны статустай оролцож байна. АПЕК-ийн худалдаа, хөрөнгө оруулалтын либералчлалд нэгдэн орох шалгууруудын нэг чухал хэсэг нь нэгдэн орохоор хүсэлтээ гаргасан улс өөрийн үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулан түүнийгээ мөрдлөг болгон ажиллах шаардлагатай байдаг тул Монгол Улс энэхүү төлөвлөгөөг боловсруулсан болно.
1.ТАРИФ
Өнөөгийн байдал
Монгол Улс 1997 оны 1 дүгээр сард Дэлхийн худалдааны байгууллага /ДХБ/-д гишүүнээр нэгдэн орсон. Улмаар Монгол Улсын холбогдох хууль, тогтоомжийг ДХБ-ын олон талт хэлэлцээрт нийцүүлэх шат дараалсан арга хэмжээ авч байна. Тухайлбал: Тариф, худалдааны ерөнхий хэлэлцээр /ГАТТ/-ийг хэрэгжүүлж /дагаж мөрдөх/, улс орнуудын хооронд худалдааг аль болох чөлөөтэй явуулах нөхцөлийг бүрдүүлэх, худалдаан дахь тарифын болон бусад хориг, хязгаарлалтыг бууруулан, ялгаварлан гадуурхах явдлыг устгах замаар эрх тэгш шударга зарчим тогтоох зорилтыг иш үндэс болгон ажиллаж байна.
Монгол Улсын Гаалийн тарифын тухай хуулийн дагуу "ердийн", "нэн тааламжтай" гэсэн импортын ялгавартай тарифын сүлжээ тогтоосон.
Өөрчлөлт шинэчлэлтийн энэ хүрээнд Монгол Улсын гаалийн импортын татварыг суурь татвар 15 хувь байсныг багасгаж Монгол Улсын Их Хурлын тогтоолоор 1999 оны 7 дугаар сарын 1-нээс эхлэн 5 хувь болгосон.
Үйл ажиллагааны зорилт:
Импортын барааны тарифыг ДХБ-д хүлээсэн үүрэг амлалтын дагуу 20 хувиас хэтрүүлэхгүй байх зарчмыг баримтална
ДХБ-ын худалдааны олон талт хэлэлцээрийн хүрээнд хийгдэж буй тарифын либералчлалын зарчмыг дэмжих бодлого баримтална
2901-2902 код бүхий /цагираг нүүрстөрөгч, цагираг устөрөгч/ болон 30 дугаар бүлгийн /эм зүйн бүтээгдэхүүн/ барааны импортын татварыг ДХБ-д хүлээсэн үүргийн дагуу 2005 оноос тэглэх.
2. ТАРИФЫН БУС ХОРИГ СААД
Өнөөгийн байдал
Монгол Улсад барааг чөлөөтэй оруулж ирэх нөхцөлүүд бүрдсэн бөгөөд эрүүл мэнд, эрүүл ахуй, олон нийтийн аюулгүй байдал зэрэгт харшлах цөөн төрлийн бараанд лицензийн систем тогтоосон байгаа.
Улс орны үндэсний аюулгүй байдалд хор учруулах мансууруулах бодис, ургамал, тэдгээрийг үйлдвэрлэх, хэрэглэхтэй холбогдсон багаж хэрэгсэлд импортын хориг тавьсан болно.
"Зарим нэр төрлийн барааг улсын хилээр нэвтрүүлэхийг журамлах тухай" Засгийн газрын 1993 оны 86 дугаар тогтоол, түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтүүдээр 5 нэр төрлийн барааг улсын хилээр нэвтрүүлэхийг хориглож, 11 нэрийн бүлэг барааг лицензитэй нэвтрүүлэхээр зааснаас Засгийн газрын шийдвэрээр мах, үр тариа, тэжээлийг 1995 онд, хар ба өнгөт төмөрлөгийг 1997 онд лицензийн журмаас тус тус чөлөөлж цөөрүүлсэн.
Монгол Улсын Их Хурлын 1998 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 05 тоот тогтоолын 1 дүгээр хавсралтаар улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох барааны жагсаалтыг, 2 дугаар хавсралтаар улсын хилээр тарифын бус бусад хязгаарлалттай нэвтрүүлэх барааны жагсаалтыг тус тус баталсан /Хавсралт/.
Үйл ажиллагааны зорилт:
Импорт, экспортын үйл ажиллагааг хялбарчлах, шат дамжлагыг цөөрүүлэх,
Тарифын бус хориг саадыг цаашид багасгах, саад тотгорыг цөөрүүлэх, шатчилан халах боломжийг судлах,
Лицензид хамрагдах барааны нэр төрлийг цөөлөх, журмыг шинэчлэх,
Лицензийг хялбарчилсан аргаар олгох системийг түлхүү хэрэглэх бодлогыг баримтлах
ДХБ-ын хууль, эрх зүйн актаар зөвшөөрөгдөөгүй тарифын бус хориг саад, тооны хязгаарлалт зэргийг хэрэглэхгүй байх,
Тарифын бус арга хэмжээний иж бүрэн, ил тод байдлыг хангах.
3. ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУДАЛДАА
Өнөөгийн байдал:
Монгол Улс ДХБ-ын Үйлчилгээний худалдааны ерөнхий хэлэлцээрийн хүрээнд авсан үүрэг амлалтаа хэрэгжүүлэх чиглэлээр ажиллаж байна. Монгол Улс банк, санхүү, харилцаа холбоо, зам тээврийн салбарыг шинэчлэх, үйлчилгээг боловсронгуй болгоход чиглэсэн үйл ажиллагаа явуулж байна. Үйлчилгээний салбар үндсэндээ хувьчлагдаад байна. Зах зээлийг либералчлахад чиглэсэн үйл ажиллагааны хүрээнд гадаадын хөрөнгө оруулалтыг урамшуулан дэмжиж байна. Гадаадын хөрөнгө оруулалт Монгол Улсын үйлчилгээний салбарт өргөнөөр орж байна. Ялангуяа хил дамнасан үйлчилгээ /cross border supply/, үйлчилгээг гадаадад хэрэглэх /consumption abroad/, худалдааны оролцоо /commercial presence/, хувь этгээдийн шилжилт, хөдөлгөөн /movement of natural persons/-тэй холбогдсон ажил үйлчилгээ хийгдэж байна.
А. Банк, санхүү
Банкны салбарыг шинэчлэх, нээлттэй болгох зарчим баримтлан ажиллаж байна. Тухайлбал: дотоод, гадаадын банкууд Монгол Улсын Банкны тухай хуулийн хүрээнд тэгш эрх эдэлж, үүрэг хүлээнэ. Гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж Монгол Улсад санхүүгийн зөвлөлгөө өгөх үйлчилгээг эрхэлж болно.
Б. Харилцаа холбоо
Монголын харилцаа холбоо компанид бүтцийн өөрчлөлт хийж шуудан, холбооны салбарыг салгаж хувьчилсан. "Харилцаа холбооны тухай хууль"-ийг баталж, энэ салбарт хувийн хэвшил, гадаадын хөрөнгө оруулалтыг татан оролцуулах чиг шугамыг баримталж байна.
В. Тээвэр
Монголын төмөр зам улсын нийт ачаа эргэлтийн 70 орчим хувийг гүйцэтгэдэг бөгөөд ОХУ, БНХАУ болон бусад орны хооронд тээвэр зуучлалын үүрэг гүйцэтгэдэг. Монголын төмөр зам нь Орос-Монголын хамтарсан аж ахуйн нэгж, Дэд бүтцийн хөгжлийн яамны харьяа бие даасан байгууллага. Дотоодын иргэний хамгаалалтын үйлчилгээг төрийн өмчийн нэг, хувийн гурван авиа компани гүйцэтгэдэг болно. Олон улсын зорчигч тээврийн асуудлыг Монголын Иргэний агаарын тээврийн МИАТ компани хариуцдаг.
Тээврийн салбарын стратеги нь үр ашгийг нэмэгдүүлж, арилжааны чиглэлтэй хөгжүүлэхэд чиглэгдэж байна.
Г. Эрчим хүч
Цахилгаан эрчим хүчний салбарын зорилтын хүрээнд хэрэглэгчдийг чанартай дулаан, цахилгааны эх үүсвэрээр найдвартай хангах, эрчим хүчний үйлдвэрүүдийн эдийн засгийн үр ашгийг дээшлүүлж, санхүүгийн хувьд бие даалгах, эрчим хүчний удирдлага, бүтцийг боловсронгуй болгоход чиглэгдсэн үйл ажиллагаа явуулж байна
Монгол Улс эрчим хүчний Хартийн гэрээнд 1999 онд нэгдэн орсон
Мөн түүнчлэн аймаг, орон нутгийг эрчим хүчний төвлөрсөн системтэй холбох, бие даасан шинэ эх үүсвэртэй болгоход анхаарлаа чиглүүлж байна.
Д. Аялал жуулчлал
Аялал жуулчлалын салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, үйлчилгээг сайжруулах, үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байна. Жилд Монгол Улсад 13000 орчим гадаадын жуулчид ирдэг. Жуулчин компани гадаадын жуулчдын асуудлыг дангаар хариуцах монополи эрх байхгүй болж одоогоор 300 орчим аж ахуйн нэгж энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.
Аялал жуулчлалын бодлого боловсруулах, түүний хэрэгжилтийг зохион байгуулах асуудлыг ДБХЯ, түүний харьяа агентлаг хариуцан гүйцэтгэж байна.
Аялал жуулчлалын тухай хуулийг 2000 оны 5 дугаар сард Улсын Их Хурал баталсан.
Үйл ажиллагааны зорилт:
Үндэсний хууль тогтоомжийг ДХБ-ын Үйлчилгээний худалдааны хэлэлцээрт нийцүүлэн боловсруулах. ДХБ-ын Үйлчилгээний худалдааны хэлэлцээрийн хүрээнд явагдаж байгаа хэлэлцээнд өөрийн улсын байр суурийг тодорхойлж, идэвхтэй оролцох
Үйлчилгээтэй холбогдолтой үндэсний болон олон улсын гэрээ, хууль тогтоомжийн ил тод байдал, үл ялгаварлан гадуурхах явдлыг хангах
Зах зээлд нэвтрэх хязгаарлалтыг бууруулах, үйлчилгээнд үндэсний таатай нөхцөл олгох замаар үйлчилгээний зах зээлийг шат дараатай нээх
Хөрш орнуудын үйлчилгээний зах зээлд нэвтрэхэд таатай нөхцөл олж авах талаар ажиллах
Худалдааг либералчлахтай холбогдсон банк, санхүүгийн олон улсын гол гол гэрээ, хэлэлцээрт нэгдэн орох асуудлыг бодлого, төлөвлөгөөтэйгээр хэрэгжүүлэх
4. ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ
Өнөөгийн байдал:
Монгол Улсын хууль тогтоомж нь ДХБ-ын "Худалдаатай холбоотой хөрөнгө оруулалтын хэлэлцээр"-тэй бүрэн нийцэж байгаа. 1993 онд батлагдсан Гадаадын хөрөнгө оруулалтын хуулийн дагуу гадаадын хөрөнгө оруулагч нь дангаараа хөрөнгө оруулалт хийх боломжтой ба хэрэв хамтарсан хэлбэрээр аж ахуйн нэгж байгуулах тохиолдолд гадаадын хөрөнгө оруулалтын доод хэмжээ нь 20 хувиас доошгүй байна. Гадаадын компани, пүүс өөрийн төлөөллийг Монгол Улсад байгуулахад ямарваа нэг хязгаарлалт байхгүй.
Монгол Улсын Засгийн газраас гадаадын хөрөнгө оруулагчдыг хөхиүлэн дэмжих, тэдэнд хууль эрх зүйн тааламжтай орчин бүрдүүлэх талаар дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Үүнд:
А. Гадаадын хөрөнгө оруулалтын хуулийн ил тод байдал
Одоогийн мөрдөж байгаа 1993 оны Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд гадаадын хөрөнгө оруулагчийн эрхийг хамгаалсан, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг урамшуулан дэмжсэн, гадаадын хөрөнгө оруулагчдад таатай нөхцөл олгох заалтууд үйлчилж байна.
Гадаадын хөрөнгө оруулалтын эрх зүйн харилцаа нь Монгол Улсын Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль, Компаний тухай хууль, Татварын багц хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан Засгийн газрын тогтоол, журмаар зохицуулагдаж байдаг. Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид олгох орлогын албан татварын хөнгөлөлтүүд нь аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татварын хуулиар зохицуулагдаж байна.
Б. Бүтэц зохион байгуулалт
УИХ-ын шийдвэрээр 1998 оны 7 дугаар сараас эхлэн Гадаадын хөрөнгө оруулалтын газрыг Гадаад харилцааны сайдын эрхлэх асуудлын хүрээнд шилжүүлж "Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлаг" болгон өөрчлөв. Энэ нь гадаадын хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого, хөгжлийн хэтийн төлөвийг үндэслэлтэй тодорхойлж байх нөхцөл бүрдүүлэх, зохицуулалтыг сайжруулах, хөрөнгө оруулалтыг дэмжих, гадаадын компани, олон улсын байгууллагуудтай нягт хамтран ажиллах боломж бүрдүүлж байгаа билээ.
Гадаадын хөрөнгө оруулагчдад бизнесийн үйл ажиллагаагаа эхлэхэд шаардлагатай холбогдох зөвшөөрөл, лицензийг авахад хүнд суртлын шат дамжлагыг багасгах, тэдэнд түргэн шуурхай үйлчилж, шаардлагатай мэдээллээр хангах үүднээс Засгийн газрын тогтоолын дагуу "Нэг цэгийн үйлчилгээ"-ний төвийг тус Агентлагт байгуулж 2000 оны эхнээс үйл ажиллагааг нь эхлүүлээд байна.
В. Маргааныг зохицуулах журам
Монгол Улс "Улс болон иргэд хоорондын хөрөнгө оруулалтын талаар үүссэн маргааныг шийдвэрлэх тухай" 1965 оны Вашингтоны Конвенц, 1985 оны Сөүлийн Конвенцид нэгдэн орсон.
Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн дагуу гадаадын хөрөнгө оруулагч болон Монголын хөрөнгө оруулагчдын хооронд, түүнчлэн гадаадын хөрөнгө оруулагч болон Монголын хуулийн этгээд, хувь хүний хооронд гадаадын хөрөнгө оруулалт, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай холбогдон үүссэн маргааныг Монгол Улсын болон олон улсын гэрээ, талуудын хооронд байгуулсан гэрээнд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын шүүх шийдвэрлэдэг.
Г. Давхар татвараас чөлөөлөх
Монгол Улсын Засгийн газар нийт 15 оронтой Давхар татвараас чөлөөлөх тухай гэрээ, хэлэлцээрт гарын үсэг зурсан болно. Үүнд: БНХАУ, БНАСАУ, Энэтхэг, БНУУ, ХБНГУ, ОХУ, Бельги, Чех, Турк, Малайзи, Франц, Их Британи, БНСВУ, Индонези, Болгар зэрэг улс болно.
Д. Гадаадын хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих талаар
Монгол Улсын Засгийн газар Дэлхийн Банктай хамтран 1997, 1998 онуудад уул уурхай, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих болон аялал жуулчлалын салбарт гадаадын хөрөнгө оруулагчдыг татан оруулах хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтыг амжилттай зохион байгуулсны үр дүнд дээрх салбарт гадаадын хөрөнгө оруулалт түлхүү орж байна.
Үйл ажиллагааны зорилт:
Хөрөнгө оруулалтын дэглэмийн ил тод байдал, үл ялгаварлан гадуурхах байдлыг хангах
Хоёр талын давхар татвараас чөлөөлөх тухай хэлэлцээрийг нэмэгдүүлэх
ДХБ-ын "Худалдаатай холбоотой хөрөнгө оруулалтын хэлэлцээр"-ийг хэрэгжүүлэх
5. СТАНДАРТ, ТОХИРЛЫН БАТАЛГААЖУУЛАЛТ
Өнөөгийн байдал
Монгол Улс ДХБ-д элсэн орсонтой холбогдуулан "Худалдаан дахь техникийн саад тотгорын хэлэлцээр"-ийн шаардлагад нийцүүлэн стандартчилал, баталгаажуулалтын үйл ажиллагааг өөрчлөн шинэчлэх зорилт тавин ажиллаж байна.
Худалдаанд техникийн саад тотгор үүсгэхгүй байх зорилтын хүрээнд үндэсний стандартын 15 хувийг олон улсын стандартын түвшинд хүргэсэн.
Олон улсын стандарт боловсруулах үйл ажиллагааны үндсэн журам болох 1, 2, 3 дугаар удирдамжийг орчуулан үндэсний болгосон ба эдгээр удирдамжид үндэслэн Монгол Улсын стандартчиллын тогтолцооны MNS 1-1:99, MNS 1-2:99, MNS 1-3:99 суурь стандартыг шинэчлэн олон улсын стандарттай нийцүүлж 1999 оны 7 дугаар сараас мөрдөж эхлээд байна.
Стандартчилал, хэмжил зүйн үндэсний төвийн дэргэд "Стандарт, техникийн зохицуулах эрхийн актын мэдээллийн төв /Enquiry Point/"-ийг 2000 оноос эхлэн ажиллуулж байна.
Монгол Улс олон улсын Стандартчиллын байгууллага, Олон улсын хууль тогтоомжийн хэмжил зүйн байгууллага, Ази-Номхон далайн Хууль тогтоомжийн хэмжил зүйн байгууллагын үйл ажиллагаанд оролцож байна.
Зах зээлийн орнуудын нийтлэг жишигт нийцүүлэн, стандартчиллын үйл ажиллагаанд сонирхогч талуудыг тэгш эрхтэй, бүрэн оролцуулах чиглэл баримтлан ажиллаж байна. "Стандартын чанарын баталгаажуулалтын тухай", "Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хууль", "Хэрэглэгчдийн эрхийг хамгаалах тухай" Монгол Улсын хуулиудын дагуу холбогдох дүрэм журмуудыг батлуулан үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллаж байна.
Импортын бараа, материал чухал ач холбогдолтой Монгол Улсын хувьд стандарт боловсруулах үе шат, ерөнхий горимыг олон улсын зарчимд аль болох нийцүүлэх, энэ чиглэлээр уян хатан бодлого баримталж байна.
Үйл ажиллагааны зорилт:
Манай орны экспортын чиглэлтэй үндэсний бүтээгдэхүүн, түүхий эдийн, тухайлбал уул уурхай, арьс шир, ноос ноолуур болон байгаль орчин, эрүүл мэнд, хүнс, мэдээллийн технологи зэрэг салбаруудын стандартчиллыг тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлэх
Монголын экспортын голлох бүтээгдэхүүний холбогдолтой ялангуяа бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын сорилт, шинжилгээний аргын стандартуудыг олон улсын стандарттай ижилсгэх
Монгол Улс Ази-Номхон далайн бүс нутгийн ба олон улсын стандартчилал, чанарын баталгаажуулалт, сорилт, итгэмжлэлийн үйл ажиллагаанд оролцох чиглэл баримтлах
ДХБ-ын "Худалдаан дахь техникийн саад тотгорын хэлэлцээр"-ийн Ази-Номхон далайн бүс нутгийн хамтын ажиллагаанд хэрэгжүүлэхэд "Стандарт боловсруулах, батлах ба хэрэглэх сонгомол практик ажиллагааны код"-ын дагуу олон улсын стандарт боловсруулах
Ачуулалтын өмнөх хяналт шалгалтын тухай ДХБ-ын хэлэлцээрийг хэрэгжүүлэх, ачуулалтын өмнөх хяналт шалгалтыг нэвтрүүлэх
6. ГААЛИЙН БҮРДҮҮЛЭЛТ
Өнөөгийн байдал:
Монгол Улс 1991 онд Дэлхийн Гаалийн байгууллагад гишүүнээр элсэн орсноор гаалийн үйл ажиллагааг дэлхийн жишигт хүргэх, гаалийн бүрдүүлэлтийн горимыг нэг мөр болгох, гадаад худалдааг хөнгөвчлөх, барааны эргэлтийг түргэсгэх, гаалийн хяналт шалгалтын үр дүнтэй механизмыг бүрдүүлэх, гаалийн хяналт, шалгалтын эрх зүйн үндсийг баримтлан ажиллаж байна. ДХБ-ын үнэлгээний хэлэлцээр Монгол Улсын хувьд бүрэн эхээрээ хүчин төгөлдөр болсон бөгөөд хэлэлцээрийн эхийг орчуулах ажил дуусч байна. Гаалийн үнэлгээний шинэ аргачлалыг нэвтрүүлэхэд боловсон хүчнийг сургах шаардлагатай байгаагийн дээр гаалийн үнэлгээний мэдээллийн бааз байгуулах асуудал учир дутагдалтай байгаа. Дэлхийн гаалийн байгууллагатай хамтын ажиллагааны хүрээнд гаалийн нэгдсэн сүлжээ байгуулах АСИКУДА төслийн эхний шатыг хэрэгжүүлээд байна.
Монгол Улсын "Гаалийн тухай хууль", "Гаалийн тарифын тухай хууль"-д ДГБ-ын тулгуур гурван Конвенци болох Киотогийн Конвенци, Найробын Конвенци, Станбулын Конвецийн үзэл санаа тусгалаа олсон билээ.
Монгол Улс ДХБ-д элсэн орсонтой холбогдуулан холбогдох хэлэлцээрүүдийн биелэлтийг хангахад зохих хууль, тогтоомжид шаардлагатай өөрчлөлтүүдийг оруулах чиглэлээр ажиллаж байна.
Үйл ажиллагааны зорилт:
"Гаалийн тухай хууль"-ийн хүрээнд гаалийн хяналт, шалгалтын тогтолцоо, үйл ажиллагааг боловсронгуй болгох зорилгоор холбогдох дүрэм, журмыг өөрчилж, шинэчлэх, тэдгээрийг нийтэд ил тод байлгах
Гаалийн бүртгэл, хяналтын ажиллагааг түргэн шуурхай болгох, цахим тооцоо, мэдээллийн бүртгэлийн ажиллагааг хөгжүүлэх
Гаалийн үнэлгээний журмыг ДХБ-ын журам, зарчимд нийцүүлэн боловсронгуй ил тод болгох
АСИКУДА төслийн дараагийн шатыг хэрэгжүүлэх
7. ОЮУНЫ ӨМЧИЙН ЭРХ
Өнөөгийн байдал:
Монгол Улс 1979 онд Дэлхийн оюуны өмчийн байгууллагын гишүүн болж, 1985 онд Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах Парисын конвенци болон барааны тэмдгийн олон улсын бүртгэлийн тухай Мадридын хэлэлцээрт, 1992 онд Патентын хамтын ажиллагааны олон улсын гэрээнд нэгдэн орсон.
1997 онд Бүтээгдэхүүний загварын олон улсын хадгалалтын тухай Гаагын хэлэлцээр, Утга зохиол, уран сайхны бүтээлийг хамгаалах Бернийн конвенцид нэгдэн орсон.
Монгол Улс 1997 онд ДХБ-д гишүүнээр элссэнтэй уялдуулан ДХБ-ын Оюуны өмчийн эрхийн худалдаатай холбогдолтой асуудлын тухай хэлэлцээрийг /ТРИПС/ хэрэгжүүлэх үүргийг Монгол Улсын Оюуны өмчийн газар хүлээх болов. Монгол Улс ДХБ-д элссэн өдрөөс эхлэн энэ хэлэлцээрийг биелүүлэхээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлж байна.
Монгол Улс оюуны өмчийн асуудлаархи олон улсын гэрээ, конвенцийг сахиж биелүүлэх хүрээнд гадаадын шинэ бүтээл, бүтээгдэхүүний загварт патент, барааны тэмдгийн гэрчилгээ олгох, олон улсын барааны тэмдэгт магадлан дүгнэлт хийх, шинийг санаачлагч, туурвигчдын бүтээлийг сурталчлах, оюуны өмчийн сургалт явуулах, оюуны өмчийн хууль тогтоомжийг боловсронгуй болгох чиглэлээр ажиллаж байна.
Үйл ажиллагааны зорилт:
Монгол Улсын "Гаалийн тухай хууль"-ийг ДХБ-ын Оюуны өмчийн эрхэд хамаарах худалдааны холбогдолтой хэлэлцээртэй нийцүүлэх
Оюуны өмчийн тогтолцоог олон улсын хэмжээнд нийцэхүйц түвшинд байлгах
Оюуны өмчийн худалдааны нэгдсэн тогтолцоо бий болгох
Монгол Улсын нэгдэн орсон гэрээ, хэлэлцээр, конвенциудыг дотооддоо ажил хэрэг болгох ажлыг зохион байгуулах арга хэмжээ авч хэрэгжүүлэх
8. ӨРСӨЛДӨӨНИЙ БОДЛОГО
Өнөөгийн байдал:
Аж ахуйн нэгжүүдийн өрсөлдөөнд төрөөс хяналт тавих, зах зээлд ноёрхох болон шударга өрсөлдөөнд харш бусад үйл ажиллагааг хориглох хязгаарлахтай холбогдсон харилцааг зохицуулах үүднээс Монгол Улсын Их Хурлаас "Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хууль"-ийг шинэчлэн баталсан.
Уг хуулиар зах зээлд дангаар ноёрхоход чиглэсэн дараахь үйл ажиллагааг хориглодог:
Аж ахуйн нэгж давамгайлах байдлаа хууль бусаар ашиглах
Өрсөлдөөнд саад учруулсан хэлцэл хийх
Өрсөлдөгч аж ахуйн нэгжийн удирдлагад ажиллах
Өрсөлдөгчөө эрхшээлдээ авах
Шударга өрсөлдөөнд харш үйл ажиллагаа явуулах
Түүнчлэн төрийн захиргааны төв болон орон нутгийн захиргааны байгууллагын зүгээс өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн шийдвэр гаргахыг хориглосон болно. Мөн энэхүү хуулиар шударга бус өрсөлдөөнийг хориглосон буюу хязгаарласан үйл ажиллагааг хянах, зохицуулах, шүүх талаар Улсын Их Хурал, Засгийн газар, шүүхийн байгууллагын зүгээс явуулах үйл ажиллагааг тодорхойлж өгсөн.
Үйл ажиллагааны зорилт:
Аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа хэвийн явуулах, өрсөлдөх эрх зүйн орчинг боловсронгуй болгох үүднээс "Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хууль"-ийг ДХБ-ын хэлэлцээрүүдэд нийцүүлэх
9. ТӨРИЙН ЗАХИАЛГАТ НИЙЛҮҮЛЭЛТ
Өнөөгийн байдал:
Монгол Улс ДХБ-ын Төрийн захиалгат нийлүүлэлтийн тухай хороонд 1998 онд ажиглагчаар элссэн бөгөөд цаашид гишүүнээр элсэх чиглэлээр ажиллах үүрэг авсан.
Төрийн захиалгат нийлүүлэлтийн салбарт нээлттэй байдлыг бэхжүүлэх үүднээс дараахь үйл ажиллагаа явуулж байна. Төвлөрсөн төсвийн дагуу хийгдэж буй захиалгат нийлүүлэлтийн үйл ажиллагаанд хяналт тавих үүрэгтэй "Төрийн өмчийн хороо"-г байгуулсан бөгөөд энэ хороо нь уг салбар дахь бодлогын болон захиргааны чанартай мэдээлэл түгээх цэг болсон.
Төрийн яам, газрууд, орон нутгийн хэрэгцээнд шаардлагатай зарим барааг төвлөрсөн байдлаар ханган нийлүүлэхдээ барааны тоо хэмжээ, үнийн дүнгээс шалтгаалан нээлттэй тендер зарлах аргаар явуулж байна.
Гадаадын зээл, тусламжаар голлон санхүүжүүлж байгаа цахилгаан холбоо, зам тээвэр, нийтийн ахуй, үйлчилгээ зэрэг салбарт томоохон төслүүдийг тухайн орон, олон улсын байгууллагатай байгуулсан хоёр талын гэрээ хэлэлцээрүүдэд тусгасан нөхцөлийг баримтлан бараа, үйлчилгээний худалдааг явуулж байна. Эдгээр нь голчлон олон улсын тендерийн зарчмаар хэрэгжиж байгаа юм.
Төрийн болон орон нутгийн хэрэгцээнд бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулах зорилгоор "Бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай" хуулийг УИХ-аас 2000 оны 4 дүгээр сард баталсан.
Үйл ажиллагааны зорилт:
Төрийн захиалгат нийлүүлэлтийн салбарын нээлттэй байдлыг бэхжүүлж, өрсөлдөөний зарчмыг цаашид баримтална
ДХБ-ын "Засгийн газрын захиалгат нийлүүлэлтийн тухай хэлэлцээр"-т нэгдэн орох
10. ЗОХИЦУУЛАЛТЫГ БАГАСГАХ
Өнөөгийн байдал:
Засгийн газар зохицуулалтын үйл ажиллагааг үр ашигтай, нээлттэй болгох, аж ахуйн үйл ажиллагаанд шууд оролцох оролцоог багасгах үүднээс төрийн өмчийн хувьчлалын хууль эрх зүйн үндэс, захиргааны байгууллагыг тогтвортой ажиллуулах, хувьчлалын үйл явцыг эрчимжүүлж, цар хүрээг өргөжүүлэн нээлттэй болгох чиглэлээр ажиллаж байна.
2000 он гэхэд төрийн өмчийн 60 хүртэл хувийг хувьчлах хөтөлбөр боловсруулсан ба эхний ээлжинд 570 гаруй жижиг аж ахуйн нэгжийг хувьчлахаар төлөвлөж, энэ ажил төлөвлөгөө ёсоор биелэгдэж байна. Томоохон 250 гаруй аж ахуйн нэгжийн бэлтгэлийг хангаж, заримыг нь хувьчилж эхлээд байна.
Үйл ажиллагааны зорилт:
Өмч хувьчлалын үйл явцыг үргэлжлүүлэх
ДХБ-д өмч хувьчлалын явцын талаар мэдээллийг хүргүүлж байх
11. ГАРАЛ ҮҮСЛИЙН ЖУРАМ
Өнөөгийн байдал:
Монгол Улс ДХБ-ын гарал үүслийн журмын тухай хэлэлцээрт нэгдэн орсон. Гаалийн тарифын тухай хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу гарал үүслийн орныг тодорхойлон гаалийн бүрдүүлэлт хийж байна.
Монгол Улсын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын хуулийн дагуу МХАҮТ Монгол Улсад үйлдвэрлэсэн экспортын барааны гарал үүслийн тодорхойлолтыг гаргаж өгч байгаа. Харин импортын барааны гарал үүслийн улсыг тодорхойлох журам одоогоор байхгүй байна.
Үйл ажиллагааны зорилт:
ДХБ-ын Гарал үүслийн журмын тухай хэлэлцээрийг хэрэгжүүлэх үүднээс гарал үүслийн тодорхойлолтыг төрийн байгууллагаас олгодог байх чиглэлээр дотоодын хууль журамд өөрчлөлт оруулах ажлыг цаашид үргэлжлүүлэн явуулах
Импортын барааны гарал үүслийн тухай журам гаргах /ДХБ-ын хүрээнд хийгдэж байгаа гарал үүслийн журмыг нэг мөр болгон нийцүүлж журам гаргах/
12. МАРГААНЫГ ЗУУЧЛАХ
Өнөөгийн байдал:
Монгол Улс "Гадаадын арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрч, биелүүлэх" тухай НҮБ-ын конвенцийн гишүүн. Монгол Улс 1995 онд "Гадаад худалдааны арбитрын тухай" хуулийг батлан мөрдөж байна.
"Бараа худалдах, худалдан авах гэрээний тухай Венийн конвенц", "Гадаад орны арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрөх, хэрэгжүүлэх тухай 1958 оны Нью-Йоркийн конвенц", "Улс, иргэдийн хооронд хөрөнгө оруулалтын асуудлаар үүссэн маргааныг шийдвэрлэх тухай 1965 оны Вашингтоны конвенц", 1985 оны "Сөүлийн конвенц" зэрэг худалдаа, хөрөнгө оруулалтыг зохицуулдаг олон улсын баримт бичгүүдийг монгол хэлээр орчуулж, хэвлэн нийтийн хүртээл болгоод байна.
Үйл ажиллагааны зорилт:
Арбитрын гэрээ хэлэлцээр байгуулах талаар аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүмүүст тайлбарлан таниулж, зөвлөлгөө өгөх механизмыг бүрдүүлэх
"Гадаад худалдааны арбитрын тухай хууль"-ийн арбитрын гэрээ, хэлэлцээр болон арбитрын шийдвэрийн талаар гомдол гаргах журмын тухай заалтыг илүү тодорхой болгох, арбитрт хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагааг нарийвчлан тогтоох, арбитрын ажиллагаанд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр нэмэлт, өөрчлөлт оруулах талаар санал боловсруулж Засгийн газар, УИХ-д оруулах
Монгол Улсын "Арбитрын тухай хууль"-ийг ДХБ-ын хэлэлцээрт нийцүүлэх
13. БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН ЧӨЛӨӨТ ЗОРЧИЛТ
Өнөөгийн байдал:
Монгол Улс нь гадаадын иргэд зорчих хөнгөвчилсөн бөгөөд нээлттэй журмыг баримталдаг ба Монгол Улсаас гадаад орнуудад суугаа 30 дипломат төлөөлөгч, консулын газар, 10 гаруй өргөмжит консулаар дамжуулан виз олгодог болно.
Бүх төрлийн паспорттай иргэд харилцан визгүй зорчих журмыг Малайз /30 хоногийн дотор/, Сингапур /14 хоногийн дотор/, Филиппин /21 хоногийн дотор/, Израиль /30 хоногийн дотор/, Казахстан /90 хоногийн дотор/, БНАЛАУ /30 хоног/, Малайз /1 сар/, Киргиз /90 хоног/, Хятад зэрэг улстай мөрдөж байна.
Монгол Улсын виз нь 3 сарын хугацаанд хүчинтэй байдаг бөгөөд 30 хүртэл хоногийн нэг удаагийн виз, 6 сар болон 1 жил хүртэл хугацаагаар олон удаагийн виз олгодог.
Үйл ажиллагааны зорилт:
Виз олгох журмыг харилцан хөнгөвчлөх, зарим оронтой харилцан визгүй зорчих тухай гэрээ хэлэлцээр байгуулах чиглэлээр цаашид ажиллах
Худалдаа, үйлчилгээний салбарт ажиллагсдын зорчих журмыг улам чөлөөтэй, ил тод болгох
Зорчих журмын холбогдолтой үндэсний болон олон улсын гэрээ, хууль тогтоомжийн ил тод байдал, үл ялгаварлан гадуурхах явдлыг хангах
14. УРУГВАЙН ҮЕ ШАТНЫ ХЭЛЭЛЦЭЭНИЙ ҮР ДҮНГ ХЭРЭГЖҮҮЛЭХ
Өнөөгийн байдал:
Монгол Улс, ДХБ-ын хооронд 1996 оны 7 дугаар сарын 18-ны өдөр гарын үсэг зурсан "Дэлхийн худалдааны байгууллага байгуулах Марракешийн хэлэлцээрт Монгол Улс нэгдэн орох тухай Протокол"-ыг Улсын Их Хурал 1996 оны 12 дугаар сарын 26-нд соёрхон баталснаар уг Протокол Монгол Улсын хувьд хүчин төгөлдөр болсон.
Монгол Улс Уругвайн үе шатны хэлэлцээний хүрээнд авсан үүрэг амлалтыг үе шаттайгаар хэрэгжүүлэх арга хэмжээ авч байна. Монгол Улсын хууль тогтоомжийг ДХБ-ын зарчимд нийцүүлэх талаар нэлээд ажил хийгдсэн ба худалдааны олон талт хэлэлцээрийн талаар үндэсний боловсон хүчний чадавхийг дээшлүүлэх, байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг сайжруулах талаар ажиллаж байна. ОХУ, БНХАУ ДХБ-д нэгдэн орохтой холбогдуулан дээрх улсуудтай хоёр талын хэлэлцээг хийж байна.
ДХБ-ын баримт бичиг, үйл ажиллагаатай танилцах мэдээллийн төвийг ГХЯ-нд байгуулж үйл ажиллагаагаа эхлээд байна.
Үйл ажиллагааны зорилт:
Монгол Улс ДХБ-д нэгдэн орохдоо хүлээсэн үүрэг амлалтыг биелүүлэх үүднээс дотоодын хууль тогтоомжид зохих өөрчлөлт оруулах чиглэлээр ажиллах
Энэхүү ажлын хүрээнд олон талт хэлэлцээрүүд, ДХБ-аас гаргасан бусад холбогдох шийдвэрүүдийг дагаж мөрдөх талаар ажиллах
15. МЭДЭЭЛЛИЙГ ЦУГЛУУЛАХ, СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭ ХИЙХ
Өнөөгийн байдал:
Худалдаа, үйлчилгээ, хөрөнгө оруулалтын салбарын мэдээлэл цуглуулах, судалгаа шинжилгээ хийх, нийтэд мэдээлэх систем Монголд 1990-ээд оноос эрчимтэй хөгжиж ирсэн. Одоогийн байдлаар гадаадын хөрөнгө оруулалтыг татан оруулах нөхцөл болон Монголд үйл ажиллагаа явуулж буй гадаадын пүүс компаниуд, хувьчлалын салбарт явуулж буй үйл ажиллагааны тухай мэдээлэл зэрэг хэд хэдэн төрлийн мэдээллийн сан байгуулагдсан.
Үйл ажиллагааны зорилт:
Интернетийн шугамаар худалдаа, үйлчилгээ, хөрөнгө оруулалтын салбарын мэдээлэл цуглуулах, шинжлэх, тараах системийг өргөжүүлэх, боловсронгуй болгох чиглэлээр ажиллах
Мэдээллийн дэд бүтцийг хөгжүүлэх, энэ талаар хэрэгжүүлэх бодлого үйл ажиллагааг идэвхижүүлэх