Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Далайн захиргааны дарга М.Өлзий, Дорнод аймгийн Байгаль орчны газрын дарга Х.Хүрэл-Эрдэнэ, Буйр нуурын хамгаалалтын захиргааны төлөөлөл болон нутгийн иргэд оролцов.
Сүүлийн жилүүдэд стандартын бус завь, хийлдэг хөвөгч хэрэгслийн хэрэглээ нэмэгдэж, усны ослын эрсдэл өсөх хандлагатай байгаатай холбогдуулан усан замын тээврийн аюулгүй байдал, хяналт, зохицуулалтыг сайжруулах зорилгоор тус хяналтын постыг байгуулсан байна.
Бүтээн байгуулалтын хүрээнд дөрвөн завь зогсоох зориулалттай хөвдөг зогсоол, гадна хашаа, оффис, амрах байр, агуулахын зориулалттай нийт 54 м² талбай бүхий гурван зөөврийн сууц суурилуулж, шаардлагатай тохижилтын ажлыг хийж гүйцэтгэжээ.
Тус хяналтын пост ашиглалтад орсноор улсын байцаагчид зуны улиралд тогтмол ажиллаж, усан замын тээврийн хэрэгслийн бүртгэл, техникийн үзлэг, оношилгоог газар дээр нь хийх, иргэд болон усан замын тээврийн үйлчилгээ эрхлэгчдэд зөвлөгөө, мэдээлэл өгөх боломж бүрдэж байна.
Мөн Буйр нуурыг зорин ирж буй иргэд, аялагчдын аюулгүй байдлыг хангах, усан замын тээврийн үйл ажиллагаанд тавих хяналт, зохицуулалтыг сайжруулахад чухал ач холбогдолтой юм.


