/Хүчингүй/ Усан замын тээврийн хэрэгсэлд техникийн болон экологийн хяналтын үзлэг хийх, тоо бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам

УСАН ЗАМЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛД ТЕХНИКИЙН БОЛОН ЭКОЛОГИЙН ХЯНАЛТЫН ҮЗЛЭГ ХИЙХ,
ТОО БҮРТГЭЛ ХӨТЛӨХ, УЛСЫН ДУГААР ОЛГОХ ЖУРАМ
 
1.Нийтлэг үндэслэл
1.1. Энэхүү журмын зорилго нь усан замын тээврийн үйл ажиллагааг гол, мөрөн, нуурын экологи, байгаль орчинд сөрөг нөлөөгүй эрхлэхэд төрийн хяналт, зохицуулалтыг чиглүүлэн, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын усан замын тээврийн хэрэгсэлд техникийн болон экологийн хяналтын үзлэг хийж хөвөлтийн аюулгүй байдлыг ханган, усан замын тээврийн хэрэгслийн тоо бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох, шилжилт хөдөлгөөн хийхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
1.2. Усан замын тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгийг улсын мэргэжлийн хяналтын байгууллагаас эрх олгогдсон усан замын тээврийн хяналтын улсын байцаагч энэхүү журмыг баримтлан хийнэ.
1.3. Усан замын тээврийн хэрэгсэлд экологийн хяналтын үзлэгийг тухайн орон нутаг дахь байгаль орчны хяналтын улсын байцаагч, Байгаль орчны хууль тогтоомжид нийцүүлэн Байгаль орчин, ногоон хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан экологийн хяналтын үзлэг хийхэд баримтлах шаардлагын дагуу хийнэ.  
1.4. Байгаль орчинд сөргөөр нөлөөлж болзошгүй нөхцөл байдал үүссэн, усан замын тээврийн хэрэгслийн осол, зөрчил гарсан болон бусад шаардлагатай тохиолдолд усан замын тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг хийх, дүгнэлт гаргах ажлын хэсэг байгуулж болно. Ажлын хэсгийг усан замын тээврийн хяналтын улсын байцаагч ахлаж, тухайн орон нутаг дахь холбогдох мэргэжлийн болон хууль хяналтын байгууллагын төлөөллийг оруулна.
1.5. Усан замын тээврийн хэрэгслийн тоо бүртгэл хөтлөх, тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон улсын дугаар олгох, шилжилт хөдөлгөөн хийх, бүртгэлээс хасах, үйл ажиллагааг усан замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага эрхлэн явуулах бөгөөд усан замын тээврийн хэрэгслийн бүртгэл, мэдээллийн сан байгуулж лавлагаа гаргана.
1.6. Энэхүү журмын биелэлт, хэрэгжилтэд мэргэжлийн холбогдох байгууллагын хяналтын улсын байцаагчид хяналт тавина.
 
2. Усан замын тээврийн хэрэгсэлд техникийн болон экологийн хяналтын үзлэг хийх
2.1. Усан замын тээврийн хэрэгсэлд техникийн болон экологийн хяналтын үзлэг хийлгүүлэхэд дараах баримт бичиг бүрдүүлнэ.
Үүнд:
2.1.1. Иргэн бол иргэний үнэмлэх, аж ахуйн нэгж, байгууллага бол улсын бүртгэлийн гэрчилгээ;
2.1.2. Усан замын тээврийн хэрэгслийн техникийн паспорт, усан замын тээврийн хэрэгслийн гэрчилгээ, бусад дагалдах баримт бичиг;
2.1.3. Усан замын тээврийн хэрэгсэлд их засвар хийсэн бол түүнийг нотолсон баримт бичиг;
2.1.4. Усан замын тээврийн хэрэгслийн өмчлөгч солигдсон буюу бусад тохиолдолд хийгдсэн шилжилтийн тухай баримт бичиг;
2.1.5. Улсын тэмдэгтийн хураамж болон бусад холбогдох албан татварыг төлсөн баримт.
2.2. Ашиглагдаж байгаад импортоор орж ирсэн усан замын тээврийн хэрэгслийг техникийн болон экологийн хяналтын үзлэгт хамруулна.  
 
3. Усан замын тээврийн хэрэгслийн тоо бүртгэл хөтлөх, улсын дугаар, усан замын
тээврийн хэрэгслийн гэрчилгээ олгох
3.1. Усан замын тээврийн хэрэгслийг 16 буюу түүнээс дээш насанд хүрсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын нэр, хаягаар бүртгэж, орон нутгийн харъяаллын дагуу ялгах тэмдэг бүхий улсын дугаар, гэрчилгээ олгоно.
3.2. Усан замын тээврийн хэрэгслийн гэрчилгээ, бүртгэлийн картыг нууцлалын шаардлагыг хангаж хэвлүүлэн, бүртгэж хадгална. Гэрчилгээг, энэхүү журмын 2 дугаар хавсралтад заасан усан замын тээврийн хэрэгслийн гэрчилгээний загварын дагуу олгоно.
3.3. Бага оврын усан онгоц, завь, катер нь хувийн хэрэгтэй байх ба хувийн хэргийг журмын 3 дугаар хавсралтаар баталсан бага оврын усан онгоц, завь, катерын хувийн хэргийн загварын дагуу холбогдох байгууллагаас олгоно.
3.4. Усан замын тээврийн хэрэгслийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд дараах баримт бичиг бүрдүүлнэ.
Үүнд:
3.4.1. Иргэн бол иргэний үнэмлэх, аж ахуйн нэгж, байгууллага бол улсын бүртгэлийн гэрчилгээ, хүсэлт;
3.4.2. Усан замын тээврийн хэрэгслийн техникийн паспорт, бусад дагалдах баримт бичиг;
3.4.3. Импортоор оруулж ирсэн бол гаалийн бүрдүүлэлт хийснийг нотлох баримт бичиг;
3.4.4. Усан замын тээврийн хэрэгслийг Монгол Улсад үйлдвэрлэж, угсарсан бол түүнийг нотолсон баримт бичиг;
3.4.5. Усан замын тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгийн акт, дүгнэлт;
3.4.6. Улсын тэмдэгтийн хураамж болон бусад холбогдох албан татварыг төлсөн баримт.
 
4. Усан замын тээврийн хэрэгслийн тоо бүртгэлд шилжилт хөдөлгөөн хийх
 
4.1 Дараах тохиолдолд усан замын тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хийнэ.
Үүнд:
4.1.1. Өмчлөгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь усан замын тээврийн хэрэгслээ бусдад худалдах, бэлэглэх, солилцох;
4.1.2. Өмчлөгч иргэний оршин суугаа хаяг, аж ахуйн нэгж, байгууллагын байршил өөрчлөгдөх;
4.1.3. Усан замын тээврийн хэрэгслийн хөдөлгүүр өөрчлөгдөх;
4.1.4. Усан замын тээврийн хэрэгслийн өмчлөгч нас барсан тохиолдолд өв залгамжлагчийн, мөн шүүхийн шийдвэрээр усан замын тээврийн хэрэгслийг хураасан буюу шилжүүлсэн бол шийдвэрт заасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын нэр дээр тус тус бүртгэнэ.
4.1.5. Татан буугдаж бүртгэлээс хасагдсан аж ахуйн нэгж, байгууллагын усан замын тээврийн хэрэгслийг харъяалах нутаг дэвсгэрийн татварын албаны тодорхойлолтыг үндэслэн бусад иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын нэр дээр шилжүүлэн бүртгэж болно.
4.2. Усан замын тээврийн хэрэгслийн тоо бүртгэлд шилжилт хөдөлгөөн хийхэд дараах баримт бичгийг үндэслэнэ.
Үүнд:
4.2.1. Аж ахуйн нэгж, байгууллагаас, өөр аж ахуйн нэгж, байгууллагад усан замын тээврийн хэрэгслийг шилжүүлбэл шилжүүлэн өгч байгаа аж ахуйн нэгж, байгууллагын дарга, захирлын шийдвэр, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, холбогдох татвар хураамж төлсөн баримт болон шилжүүлэн авч байгаа аж ахуйн нэгж, байгууллагын дарга, захирлын шийдвэр, албан бичиг, гэрчилгээ;
4.2.2. Аж ахуйн нэгж, байгууллага өөрийн өмчлөлийн усан замын тээврийн хэрэгслийг иргэдэд шилжүүлбэл тухайн аж ахуйн нэгж, байгууллагын дарга, захирлын шийдвэр, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, холбогдох татвар хураамж төлсөн баримт шилжүүлэн авч байгаа иргэний үнэмлэх, өргөдөл;
4.2.3. Иргэн өөрийн өмчлөлийн усан замын тээврийн хэрэгслийг аж ахуйн нэгж, байгууллагад шилжүүлбэл тухайн иргэний өргөдөл, иргэний үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, холбогдох татвар хураамж төлсөн баримт, шилжүүлэн авч байгаа аж ахуйн нэгж, байгууллагын албан бичиг, гэрчилгээ;
4.2.4. Иргэд хоорондоо усан замын тээврийн хэрэгслээ шилжүүлбэл иргэн тус бүрийн иргэний үнэмлэх, шилжүүлэх өргөдөл, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, холбогдох татвар хураамж төлсөн баримт.
 
5. Усан замын тээврийн хэрэгслийг бүртгэлээс хасах, гэрчилгээг нөхөн олгох
5.1. Усан замын тээврийн хэрэгслийг техникийн хувьд цаашид ашиглах боломжгүй болсон буюу усанд живсэн тохиолдолд өмчлөгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага усан замын тээврийн хэрэгслийг улсын бүртгэлээс нэг сарын дотор хасуулна.
 
5.2. Усан замын тээврийн хэрэгслийг бүртгэлээс хасуулахын тулд дараах баримт бичгийг бүрдүүлж усан замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ.
Үүнд:
5.2.1. Данснаас хассан тухай аж ахуйн нэгж, байгууллагын дарга, захирлын шийдвэр, усан замын тээврийн хэрэгслээ бүртгэлээс хасуулах тухай өмчлөгчийн өргөдөл;
5.2.2. Усан замын тээврийн хэрэгслийн гэрчилгээ;
 
5.3. Усан замын тээврийн хэрэгслийн гэрчилгээг үрэгдүүлсэн тохиолдолд нөхөж авахын тулд дараах баримт бичгийг бүрдүүлнэ.
Үүнд:
5.3.1. үрэгдүүлсэн гэрчилгээг нөхөж авахыг хүссэн өргөдөл, албан бичиг;
5.3.2. үрэгдүүлсэн гэрчилгээг өдөр тутмын сонинд зарлуулж хүчингүй болгосон тухай баримт;
5.3.3. гэрчилгээний үнэ тушаасан баримт;
 
5.4. Усан замын тээврийн хэрэгслийн гэрчилгээг нөхөн олгосон тохиолдолд гэрчилгээн дээр "нөхөв" тэмдэглэл хийнэ.
5.5. Хэрэглэх явцад хуучирч муудсан бичлэг тэмдэглэл нь баларсан гэрчилгээг өмчлөгчийн хүсэлтээр үнийг төлүүлэн сольж болно.
 
6. Усан замын тээврийн үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эрх, үүрэг
6.1. Усан замын тээврийн хэрэгслийг өмчилж авснаас хойш 14 хоногийн дотор усан замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад бүртгүүлж шинээр гэрчилгээ, улсын дугаар авах буюу шилжилт хөдөлгөөн хийлгүүлнэ.
6.2. Усан замын тээврийн хэрэгслийн улсын дугаарыг энэхүү журмын 4 дүгээр хавсралтаар баталсан загварын дагуу байршуулж тэмдэглэнэ.   
6.3. Усан замын тээврийн хэрэгслийг техникийн хувьд бүрэн бүтэн ашиглах ба түүний техникийн байдалд тогтмол үзлэг хийж, илэрсэн эвдрэл гэмтлийг засах, өнгө үзэмжийг сайжруулах, усан замын тээврийн хэрэгслийн хувийн хэргийг бүрэн хөтөлнө.
 
6.4. Усан замын тээврийн хяналтын улсын байцаагчийн тавьсан шаардлагыг бүрэн хангаж, усан замын тээврийн хэрэгслээ техникийн болон экологийн хяналтын үзлэгт товлогдсон хугацаанд бүрэн хамруулна.
6.5. Усан замын тээврийн хэрэгслийг шинээр хөдөлгөөнд оролцуулах, хөдөлгүүрийг солих буюу их засвар хийсэн тохиолдолд тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад мэдэгдэн зохих бүртгэл, шилжилт хөдөлгөөнийг хийлгэнэ.
 
6.6. Усан замын тээврийн хэрэгслийн зориулалт өөрчлөхийг хориглоно.
 
7. Улсын байцаагчийн эрх, үүрэг:
 
7.1. Усан замын тээврийн хяналтын улсын байцаагч нь энэхүү журмын 5 дугаар хавсралтаар баталсан “Бага оворын усан онгоц, завь, катерт техникийн (анхан шатны) үзлэг хийсэн тухай акт” ба 6 дугаар хавсралтаар баталсан “Усан замын тээврийн хэрэгслийн техникийн хяналтын хуудас”-ыг баримтлан усан замын тээврийн хэрэгслийн үзлэг, хяналтын үйл ажиллагаагаа явуулна.   
7.2. Байгаль орчны хяналтын улсын байцаагч нь Байгаль орчин, ногоон хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан усан замын тээврийн хэрэгсэлд экологийн хяналтын үзлэг хийх шаардлагыг баримтлан, усан замын тээврийн хэрэгслийн шатахууны савны битүүмжлэл болон хатуу хог хаягдал, ахуйн бохир ус /00, хоолны газрын үйлчилгээнээс гарсан шингэн хаягдал/-ыг агуулах савны битүүмжлэл, багтаамж, хүрэлцээг хангаж буй эсэхэд хяналт хийж дүгнэлт гаргана.
 
7.3. Үзлэгт хамрагдсан усан замын тээврийн хэрэгсэл нь техникийн болон экологийн хяналтын шаардлагыг хангаагүй тохиолдолд өмчлөгчид доголдол, дутагдлыг арилгах талаар хугацаатай үүргийг өгч тухайн орон нутгийн усан замын тээврийн хяналтын улсын байцаагчид шалгуулан дахин үзлэг хийлгэх арга хэмжээг авах талаар шаардлага тавина.
7.4. Үзлэгээр илэрсэн доголдол, дутагдлыг арилгаагүй болон үзлэгт оруулаагүй усан замын тээврийн хэрэгслийн талаар холбогдох байгууллагуудад мэдэгдэж, усан замын хөдөлгөөнд оролцуулахыг хориглох буюу шаардлагатай гэж үзвэл түр саатуулах, мөн хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авах эрхтэй.
7.5. Усан замын тээврийн хэрэгсэлд техникийн болон экологийн хяналтын үзлэг хийсэн акт буюу дүгнэлтийг 14 хоногийн дотор тухайн орон нутгийн захиргаанд бичгээр хүргүүлнэ.
 
7.6. Усан замын тээврийн хэрэгсэлд техникийн болон экологийн хяналтын үзлэг хийхдээ нийтээр дагаж мөрдөх хууль, тогтоомж, дүрэм, журам, заавар, норм, норматив, стандартыг мөрдөж ажиллах бөгөөд тэдгээр хууль тогтоомжид заасан улсын байцаагчийн бүрэн эрхийн дагуу хяналтыг хэрэгжүүлнэ. 
 
 
8. Бүртгэгч байгууллагын эрх, үүрэг:
8.1. Усан замын тээврийн хэрэгслийн тоо бүртгэл хөтлөх, улсын дугаар, гэрчилгээ олгох, шилжилт хөдөлгөөн хийх, бүртгэлээс хасах үйл ажиллагааны үнэн зөв байдлыг хариуцна.
8.2. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас усан замын тээврийн хэрэгслийг бүртгүүлэх, улсын дугаар болон гэрчилгээ авах, шилжилт хөдөлгөөн хийлгүүлэх, бүртгэлээс хасуулах хүсэлт гаргасан бол 14 хоногийн дотор шийдвэрлэнэ.
8.3. Усан замын тээврийн хэрэгслийн бүртгэл, шилжилт хөдөлгөөн хийлгүүлэх, бүртгэлээс хасуулахтай холбогдсон зөрчил гарсан тохиолдолд түүнийг арилгуулах талаар арга хэмжээ авах эрхтэй.
8.4. Усан замын тээврийн хэрэгсэлд техникийн болон экологийн хяналтын үзлэг хийх хугацаа болон хамрагдах нутаг дэвсгэр, байрлалыг олон нийтэд урьдчилан өдөр тутмын буюу бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр 14-өөс
доошгүй хоногийн өмнө мэдээлнэ.
8.5. Усан замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын чиг үүргийг тухайн орон нутагт хэрэгжүүлж буй байгууллагад усан замын тээврийн хэрэгслүүдийг техникийн болон экологийн хяналтын үзлэгт бүрэн хамруулах бэлтгэл арга хэмжээг авахуулах тухай мэдэгдэнэ.

Шинэ мэдээ


Үйл явдлын мэдээ