МОНГОЛ УЛСЫН ДАЛАЙН ЗАХИРГАА ХБНГУ-ЫН ДАЛАЙН ЭРЭН ХАЙХ, АВРАН ТУСЛАХ БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ.

Монгол Улсын Далайн захиргаа ХБНГУ-ын Далайн эрэн хайх, авран туслах байгууллагатай (DGzRS) цахим уулзалт хийж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Хоёр байгууллага 2015 оноос хойш идэвхтэй хамтран ажиллаж байгаа бөгөөд энэ хүрээнд Хөвсгөл нуурын усан замын тээврийн хяналтыг сайжруулах зорилгоор тусгай тоноглол бүхий аврах 3 завийг хандиваар хүлээн авснаас хойш 7 дахь жилдээ үүргээ гүйцэтгэж байгаа. Эдгээр аврах завинууд нь Хөвсгөл нуурын усан замын тээврийн аюулгүй байдлыг хангахад цаг агаарын хүнд нөхцөлд үүрэг гүйцэтгэхэд хамгийн тохиромжтой техник юм. 
Германы тал аврах завины техникийн бэлэн байдлыг хангах, засвар үйлчилгээ, шаардлагатай сэлбэг хэрэгслээр хангах болон мэргэжилтнүүдийг сургаж бэлтгэхэд тогтмол дэмжлэг үзүүлж ажиллаж байна. 
Түүнчлэн аврах завинууд нь Хөвсгөл нуурыг бохирдлоос цэвэрлэх, хамгаалах үйлсэд бодит хувь нэмэр оруулсныг дурдах нь зүйтэй. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оноос эхлэн санаачлан хэрэгжүүлсэн Хөвсгөл нуурт живсэн 350 тонн жинтэй "Сүхбаатар" усан онгоцыг татан гаргах ажиллагааны бэлтгэл, шумбагчдын сургалт, судалгааны ажилд, Хөвсгөл нуурт живсэн автомашин, техникийн байршлыг тогтоох судалгааны ажилд тодорхой үүрэг гүйцэтгэн оролцсон юм.  
Уулзалтын үеэр талууд хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах харилцан ойлголцлын Санамж бичиг байгуулахаар тохиролцлоо. Мөн Монгол Улсын Далайн захиргаа нь Олон улсын эрэн хайх, авран туслах холбоонд (IMRF) гишүүнээр элсэх сонирхлоо илэрхийлж, ХБНГУ-ын талаас дэмжлэг хүсэв. 

Шинэ мэдээ


Үйл явдлын мэдээ