/Хүчингүй/ Усан замын тээврийн хэрэгслийн техникийн ашиглалтын дүрэм

УСАН ЗАМЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ТЕХНИКИЙН АШИГЛАЛТЫН ДҮРЭМ 
 
Нэг. Нийтлэг үндэслэл
1. Энэ дүрмийн зорилго нь Монгол Улсын нутаг дэвсгэрийн нуур, гол, мөрний усанд ашиглагдаж байгаа усан замын тээврийн хэрэгсэлд тавигдах шаардлага, түүнийг ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2.Энэхүү дүрмийг усан замын тээврийн хэрэгсэл, зогсоолыг эзэмшигч усан замын тээврийн аж ахуйн нэгж, байгууллага, тэдгээрийн нийт ажилтан дагаж мөрдөх үүрэгтэй.
3.Энэхүү дүрмийг батлах, нэмэлт өөрчлөлт оруулах, хүчингүй болгох асуудлыг тээврийн асуудал  эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага шийдвэрлэнэ.
4. Гол, мөрөн, нуур цөөрөмд хийгдэж буй усан замын тээвэр /цаашид усан замын тээвэр гэх/-ийн болон түүнд холбоотой шинээр гарах аливаа нэгэн техник ашиглалтын дүрэм, зааврууд энэхүү дүрмийн заалтуудын агуулга, зарчимд нийцсэн байвал зохино.
5. Усан замын тээврийн аж ахуйн нэгж, байгууллага, тэдгээрийн ажилтан нь усан замын тээврийн хэрэгслийн хөвөлтийн аюулгүй байдал, тээвэрлэлтийн болон техник ашиглалтын шаардлагыг хангаж, хүн ам, хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэн ажиллах үүрэгтэй.
 
 
Хоёр. Усан замын тээврийн ажил, үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгж, байгууллага, тэдгээрийн ажилтны үүрэг
6.Усан замын тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагын ажилтнууд ачаа болон зорчигч тээвэрлэх, ачаа ачих, буулгах, зорчигчдыг тээврийн хэрэгсэл рүү оруулах, гаргах, тээврийн хэрэгслийн аюулгүй хөвөлтийг хангах, эргийн зогсоол буудалд аваар осолгүй зогсол хийх, эрээс хөдлөх үеийн техник ийн аюулгүйн хэм хэмжээ дүрмийг мөрдөн хэрэгжүүлж ажиллах үүрэгтэй.
7.Усан замын тээврийн ажил, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагын ажилтан нь дараах дүрэм журмыг заавал дагаж мөрдөнө. Үүнд:
а/усан замын тээврийн хэрэгслийн техник ашиглалтын  дүрэм;
б/усан замын тээврийн ажил, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагын дотоод дүрэм болон ажлын байрны тодорхойлолт;
в/техникийн аюулгүй байдал, ариун цэврийн дүрэм;
г/усан замын тээврийн хэрэгслийн агрегат механизмын аюулгүй ажиллагаа ба хөдөлмөр хамгааллын зааварчилга.
8.Ажилтнуудын заавал даган мөрдөх дүрэм, биелэлтийг Усан замын тээврийн аж ахуйн нэгж, байгууллагын захиргаа /цаашид "захиргаа" гэх/-аас шалган холбогдох зааварчлагаар хангах үүрэгтэй.
9. Тээврийн хэрэгслийн ахмад, механик, тэдгээрийн туслахууд, цахилгааны механикч нар нь мэргэжлийн зэрэгтэй байх бөгөөд захиргаанаас тогтсон журмын дагуу мэдлэг ур чадварыг нь шалган түвшин тогтоож зааварчилгаа өгнө.
10. Захиргаа нь өөрийн ажилтан, ажиллагсдыг жил бүр эмнэлгийн үзлэгт хамруулж эрүүлжүүлэх арга хэмжээ авна.
11.Техник ашиглалтын дүрмийн заалтыг биелүүлээгүй буюу зөрчсөн этгээдэд холбогдох хууль эрх зүйн актын дагуу захиргааны арга хэмжээ авах ба гэмт хэргийн шинжтэй тохиолдолд хууль хяналтын байгууллагад шилжүүлэн шийдвэрлүүлнэ.
12. Усан зам болон түүний эргийн дагуу байгуулагдсан барилга байгууламж /гүүр, хаалт г.м/ нь үйл ажиллагаагаа зориулалтын дагуу хэвийн нөхцөлд явуулах боломжоор хангагдсан байхаас гадна тээврийн хэрэгслийн аюулгүй   хөвөлтийн шаардлагыг биелүүлсэн байвал зохино.
13.Захиргаа нь усан замын барилга байгууламжийн хэвийн найдвартай байх үйл ажиллагааг хариуцан ажиллах үүрэгтэй.
14. Тэврийн хэрэгслийн хөвөлтийн үзлэг шалгалтыг Усан замын улсын байцаагч болон захиргаанаас томилогдсон комисс хийнэ. Усан замын онцлог хэсэгт улсын байцаагчийн үзлэгийг тээврийн улирал эхлэлийн өмнө, усны түвшин ихсэх буюу үертэй үед, намар улирлын төгсгөлд, жилд нийтдээ 3 удаа явуулна.
15. Холбогдох байгууллагаас ирүүлсэн цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээ /манан, будан, салхи, шуурга, давлагаа г.м/-г тээврийн хэрэгсэлд цаг алдахгүй хүргэх үүргийг Захиргаа хүлээнэ.
16. Захиргааны болон түүний үйлдвэрлэл, үйлчилгээний барилга байгууламж шинээр объект барьж байгуулах, засвар үйлчилгээ хийж гүйцэтгэх шаардлага гарсан тохиолдолд холбогдох эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авч гүйцэтгэнэ.
 
Гурав. Усан замын тээврийн аюулгүй хөвөлтөд тавигдах шаардлага
17. Усан замын тээврийн хэрэгслийн их биеийн уртын хэмжээг "Усан замын тээврийн тухай" хуулийн 6.1.4, 7.1.4 дэх заалт, тээврийн хэрэгслийн техник эдийн засгийн тооцоог үндэслэн тогтооно.
18. Усан замын багтаамжийн хэмжээг тээврийн хэрэгсэл болон усан замын тээврийн хэрэгслийн овор хэмжээ, суулт, усны гүн ба голдрилын өргөнийг үндэслэн тогтоно.
19. Тээврийн хэрэгслийн хэмжээ нь батлагдсан усан замын хэмжээнд тохирч байх ёстой ба усны гүнд ёроолын гадаргууги олно.
20. Усан замын өргөний хамгийн бага хэмжээг тодорхойлохдоо:
а/ нэг чиглэлийн хөвөлттэй замд хөвөх онгоцны хамгийн өргөн хэсгийг 0.5 гэсэн итгэлцүүрээр;
б/хоёр чиглэлийн хөвөлттэй зам /зэрэгцээд хөвөх буюу зөрөх/-д хөвөх онгоцны хамгийн өргөн хэсгийг 0.3 гэсэн итгэлцүүрээр тус тус үржүүлж тодорхойлно.  Усан замын тээврийн хэрэгсэл гол мөрөн дээр баригдсан гүүрний доогуур гарахдаа гүүрэн дээр тавигдсан заалт тэмдгүүдийг хатуу баримтална. Харин усан доогуур тавигдсан инженерийн барилга байгууламж, кабель, хоолойг усан замын тээврийн хэрэгслийн хөвөлтөд нөлөөлөхгүйгээр усны гүний хөрсөнд шигдүүлэн суулгаж өгсөн байвал зохино.
22.Усан замаар осол аюулгүй аялан хөвөх нөхцөлийг дараах үйл ажиллагаагаар хангана. Үүнд:
а/ёроолыг ухах малтах, тэгшлэх, цэвэрлэх замаар усны гүнийг нэмэгдүүлэх;
б/усны түвшинг шаардагдах хэмжээнд нэмэгдүүлэн тохируулах, усан сан түүний барилга байгууламж, техник хэрэгслийг байнгын ажиллагаатай болгох.
23. Захиргаа нь усан замын дохио тэмдэг ба замын тэнхлэгийг жил бүр хавар, зуны байдалд тохируулан засаж шинэчлэн зохих  газруудад байрлуулна.
 24.Усан замын заалт, тэмдгүүдийн хэлбэр, хэмжээ, өнгө нь улсын стандартад тохирч байх ёстой.
25. Усан замын хэвийн ажиллагааг хангах асуудлыг усан замын захиргаа хариуцна.
Үүнд:
а/усан зам ба түүний дагуу байрлах барилга байгууламж, дохио тэмдэг, усан зам харилцан бусад асуудлууд;
б/Усан замын засварын ба бүтээн босгох ажлын хугацаа, ажиллах, хүчний бүрэлдэхүүнийг тогтоож, ажлын гүйцэтгэлд шаардагдах бэлтгэлийг хангаж өгнө.
 
Дөрөв. Усан замын тээврийн хэрэгсэл, түүнд тавигдах шаардлага
26. Усан замын тээврийн хэрэгсэл, тэдгээрийн агрегат механизм, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдал, хэвийн ажиллагааны хяналт шалгалтыг тээврийн хэрэгслийг ахмад, механикийг байлцуулан хийж гүйцэтгэх ба аюулгүй хөвөх бүх нөхцөлийг хангасан байвал зохино.
Тээврийн хэрэгслийг их бие, агрегат механизм, тоноглол, дотоод шаталтын хөдөлгүүр, уурын тогоо, үндсэн машин, жолоодлогын  ба зангууны тоноглол, усан онгоцны системүүд, гэрлэн ба дуут дохио, мачта зэрэг нь өөрийн зураг төсөл, техникийн тодорхойлолтоор "Усан замын тээврийн хэрэгсэлд техникийн хяналт тавьж бүртгэх түр журам"-ын шаардлагыг хангасан байх шаардлагатай.
27.Шинээр ашиглалтад орж буй тээврийн хэрэгсэлд дараах шаардлага тавигдана. Үүнд:
а/техникийн бүрэн бүтэн байдлын талаар комиссын акт гаргуулах;
б/батлагдсан орон тоогоор ажиллах мэргэжлийн баг бүрдүүлсэн байх;
в/байвал зохих бичиг баримтуудыг тээврийн хэрэгслийг техникийн паспорт, хөдөлгүүрийн баримт бичиг г.м/ бүрдүүлсэн байх;
г/тогтоосон нормын дагуу авч явах сэлбэг, багаж хэрэгсэл, эд хөрөнгө бүрэн байх.
28.Тээврийн хэрэгслийг зориулалтын бус аливаа үйл ажиллагаанд ашиглахыг хориглоно. Зайлшгүй төв байгууллагын шийдвэрээр ашиглаж болно.
29.Тээврийн хэрэгслийн ахмад, механикууд дотоод дүрмийг аяллын үед удирдлага болгон ажиллана.
 30.Тээврийн хэрэгслийг өвлийн зогсоолд болон засвар үйлчилгээнд тавих бэлтгэл ажлыг дүрэмд заасны дагуу тээврийн хэрэгслийн бие бүрэлдэхүүн ахмад, механикийн удирдлаган дор хийж гүйцэтгэнэ.
 
Тээврийн хэрэгслийн их бие
31.Ашиглалтад байгаа тээврийн хэрэгслийн их бие болон эд ангийн элэгдэл нь тогтоосон хэмжээнээс илүүгүй байх ба элэгдлийн хэмжээг эрх бүхий байгууллага тээврийн хэрэгслийн төрөл тус бүр дээр тусгайлан тогтооно. 
32. Тээврийн хэрэгслийн их биеийн хоёр хажуу усанд суух өндөр болон усны түвшингээс дээш байрлах хэмжүүрийн заалт тэмдгийг /ачаалах тэмдэг/ бүртгэлийн дүрэмд заасны дагуу зохих өнгийн будгаар будаж байрлуулна.
 
Ачаа
33.Тээврийн хэрэгслийн хуурай ачаа болон түүний тоноглолын бүрэн бүтэн байдлыг ахмад, механикийн зүгээс үе үе шалгаж байна.
34.Ачааны тоноглол, механизмын гэмтэлтэй аялалд гарахыг хориглоно. Хориглосон заалтад дараах тохиолдлыг оруулна. Үүнд:
а/тоормозны механизм ажиллахгүй буюу гэмтэлтэй;
б/өргүүрийн сум, тулгуур гэмтсэн буюу бэхэлгээ муу хийгдсэн;
в/олс, тороосны дамрын гол 15 болон түүнээс хувийн элэгдэлтэй.
г/тороосны 6 диаметр урт тутам утасны 10 хувь буюу нэг сүлжээ тасарсан;
д/эрэг, шураг болон их биеийн дамарт цав, гажилт гарсан.
 
Залгуур
35.Залгуурын тоноглол нь аяллын ямар ч нөхцөлд тээврийн хэрэгслийг найдвартай залгах үндсэн нөхцөлд болох дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
а/тороос болон залгуурын голын элэгдэл тогтоосон хэм хэмжээнээс хэтрээгүй байх;
б/ Залуурын тороосыг ямагт чангалсан байх;
в/ 0-45 градус хүртэл залуурын эргэх хугацаа механикжсан залуурын  хувьд 30 секунд, гар ажиллагаатай залуурын хувьд 2 минутаас ихгүй байх;
 г/ үндсэн залуураас нөөц залуурын ажиллагаанд шилжих хугацаа нэг минутаас хэтрэхгүй байх;
д/жолоодогчийн палуб /тавцан/, онгоцны тавцантай үрэлдэхээргүй зайтай, арааны элэгдэл нь хэвийн ажиллагаанд нөлөөлөхгүй байх;
е/ залуурын машины цахилгааны контактууд цэвэр  найдвартай ажиллагаатай байх;
36. Тороос, олсны чанарын шалгалтыг хийлгээгүйгээр ашиглахыг хориглоно.
37. Тээврийн хэрэгсэл хайргадах болон залгуур ямар нэгэн зүйлд хүчтэй хүрсэн тохиолдолд ахмад, механик үзлэгийг чанд нямбай, чанартай хийж гүйцэтгэх ба хэрэв эвдрэл гарсан бол нөхцөл, шалтгааныг тогтоох үүрэг хүлээнэ.
38. Залуурын ажиллагаа гэмтэлтэй тээврийн хэрэгслийг аялалд гарахыг хориглоно.
 
Зангуу
39.Аяллын ямар ч нөхцөлд зангууг яаралтай буулгах ба татахад бэлэн байх шаардлагыг хангахын тулд дараах нөхцөлийг биелүүлсэн байна:
а/зангуу хураагч нь 2 зангууг нэгэн зэрэг тогтоосон хугацаанд татаж авах хүчин  чадалтай байх;
б/ зангууны гинжийг хайрцагт хураан төгсгөлийг онгоцны их биед найдвартай бэхэлсэн байх;
в/гинжний металлын диаметрийн элэгдэл 20%-аас хэтрэхгүй байх;
г/зангуу хураагч болон шпилийн тоормоз, гинжний түгжээ найдвартай байх.
40.Зангуу нь бүрэн бус ажиллагаатай тээврийн хэрэгслийг хөвөлтөд гаргахыг хориглоно.
 
Татлага, оосор
41.Татлагын шон, гогцоо, бэхэлгээ найдвартай байх ба татлага, оосорт гэмтэл учруулж болохуйц хурц ирмэг, огцом нугалаа үүсээгүй байх.
42.Тороосны 8 диаметрийн урт тутам утасны тасархай 30 хувиас хэтрээгүй байна.
43. Чанарын хувьд тохироогүй татлагын тороосыг чирэх тороосонд хэрэглэхийг хориглоно.
 
Чирэгч холбоос
44. Чирэгчийн гак, арк найдвартай бэхлэгдсэн байхаас гадна түгжээ чирэгчийг яаралтай салгах төв удирдлагаар хангагдсан байна.
45. Нэгдүгээр зэргийн нефть шатахууны онгоцонд шатахуун тээврийн дүрэмд дурдсан татлага, оосор хэрэглэнэ.
46. Чирэгчийн тороосны 8 диаметрийн урт тутам элэгдэл 10 хувиас илүүгүй байна.
47. Аялалд гарахын өмнө чирэгчийн эд анги болон удирдлагын механизмын ажиллагааг ахмад өөрийн биеэр шалгаж, бүрэн бус тохиолдолд хөвөлтөд гарахыг хориглоно.
 
Мачта /цамхаг/
48. Тээврийн хэрэгслийн цамхгийн өдөр, шөнийн дохио, радио антена, буулгах, босгох механизм ямагт бүрэн ажиллагаатай байна.
49.Гадна харилцааны өдөр, шөнийн дохионууд /яндан, дохио (сирен), дэнлүү, дохио өгөх туг, хонх/ цаг агаарын ямар ч нөхцөлд сонсогдхуйц, үзэгдхүйц байхаар тоноглогдсон байна. Тээврийн хэрэгслийн дохиог зориулалтаас өөр зүйлд хэрэглэхийг хориглоно.
50. Тээврийн хэрэгслийг гадна болон дотор талд байрлах харилцаа холбооны хэрэгслийн ажиллагааг аялалд гарахын өмнө ахмад өөрийн биеэр шалгаж бэлтгэсэн  байх ба дутагдал, гэмтэл илэрсэн тохиолдолд хөвөлтөд гарахыг хориглоно.
 
Аврах ажиллагаа
51. Аврах хэрэгслийн тоо, чанар, тэдгээрийн байрлал тогтоосон хэмжээнд нийцэж байвал зохино.
52. Тээврийн  хэрэгслийг аялалд гаргахын өмнө аврах хэрэгслийн бүрэн бүтэн байдал болон "Усанд хүн уналаа" сургуулийн түгшүүрийг ахмад удирдан явуулж энэ тухай тэмдэглэл хөтөлсөн байна. Энэ сургуулилтыг дараах шаардлагын дагуу явуулна. Үүнд:
а/зангуу татах, буулгах механизм тогтоосон хугацаанд хэвийн ажиллагаа үзүүлж байх;
б. Хамгаалах цагираг хөвүүр бүрэн байх ба аврах завинд ус шүүрэхгүй байх.
53.Дор дурдсан алдаа дутагдал илэрсэн тээврийн хэрэгслийг аялалд гарахыг хориглоно. Үүнд:
а. Аврах хэрэгслийн тоо хэмжээ тогтоосон тоо хэмжээнд хүрэхгүй байх;
б/аврах хэрэгслийн техникийн байдалд хяналтын байгууллага хангалтгүй үнэлгээ өгсөн;
в/буулгах механизмын ажиллагаа хэвийн бус, буух хугацаа тогтоосон хугацаанаас хэтэрсэн.
 
Аяллын хэрэгсэл 
54. Ашиглалтад байгаа тээврийн нэг бүрийг бүртгэлийн журмын шаардлагад заасан эд ангиар хангасан байна.
55. Луужингийн бүрэн бус ажиллагаатай, хянагдаагүй замын зураг бүхий тээврийн хэрэгслийг нуур, далай зэрэглэлтэй усан замар аялахыг хориглоно.
 
Гал унтраах хэрэгсэл
56. Гал унтраах бүх хэрэгсэл нь гарын дор газар байрлуулагдсан байх ба хэрэглэхэд байнгын бэлэн байдал байна. Гал унтраах хэрэгслийг зориулалтын бус үйл ажиллагаанд хэрэглэхийг хориглоно.
57. Түргэн шатаж дэлбэрэх зэрэглэл бүхий аюултай ачаа /нефть болон бусад/ барааг тухайн төрлийн ачаа тээвэрлэхэд мөрддөг дүрмийн дагуу гал унтраах хэрэгслээр тоноглосон байх шаардлагатай.
58. Гал унтраах багаж хэрэгсэл бүрэн бус ажиллагаатай болон холбогдох журмын шаардлагад нийцээгүй тохиолдолд аялалд гаргахыг хориглоно.
 
Тээврийн хэрэгслийн машин механизм
59. Тээврийн хэрэгслийн үндсэн машин, тоног төхөөрөмж, өөрийн ашиглалтын хугацаанд тасралтгүй ажиллагааг хангаж байхаас гадна тэдгээрийн туслах механизмууд ажиллагаанд цаг ямагт бэлэн байна.
60. Жолоодлогын байрны болон машин ангийн хяналт, хэмжүүрийн самбарын хэрэгсэл бүрэн бүтэн ажиллагааг хангасан байна.
61. Тээврийн хэрэгсэлд усны, уурын, түлш, тос, агаар дамжуулалтын хоолой болон цахилгаан шугамын схемүүд байх ёстой.
62. Тээврийн хэрэгсэлд байрлуулсан хэмжүүрийн бүх хэрэгслийг жин хэмжүүрийн эрх бүхий байгууллагаас баталгаажуулан лацадсан байх бөгөөд ашиглалтын үед тогтоосон хугацаанд хяналт шалгалт хийж байна.
63. Тогооны болон бусад даралтад савны хамгаалах хавхлагыг эрх бүхий этгээдээр лацдуулна.
64. Тээврийн хэрэгслийн механизмд дараах зүйлийг хориглоно. Үүнд:
а/ тухайн нөхцөлд даралттай байгаа тогоо болон бусад даралтат савыг засварлах;
б/эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр даралтын ба бусад хэмжүүрийн хэрэгслийг байршлыг өөрчлөх, тохиргоо хийх.
65. Тээврийн хэрэгслийн механик ашиглалтын зааварт дурдсан хугацаанд машин механизм бүрийн эд ангийн элэгдлийг тооцоолж, дүнг журналд тэмдэглэнэ.
66. Жолоодлогын байр ба машин, тогооны ангид байрлуулсан хэмжүүрийн тоног төхөөрөмжийг гэрэлтүүлэх аваарын хэрэгслээр тоноглосон байна.
67. Механизм, систем бүрийн нээхийг зориулалтын тэмдгээр харуулан дотор нь агуулагдах ус, уурын хөдөлгөөний чигийг сумаар заана.
68. Тээврийн хэрэгсэл бүрийн машины ангид тусгай маягтын дагуу батлагдсан машины журнал байх ба хөтлөлтийг ерөнхий механик хариуцна.
 
Дотоод шаталтын хөдөлгүүр
69.Үндсэн ба туслах хөдөлгүүрийн түлш зарцуулалт өөрийн хүчин чадлын хэмжээнээс хэтрэхгүй байх ба дараах шаардлагыг хангана. Үүнд:
а/ эргэлт хязгаарлагч, хамгаалагчийн найдвартай ажиллагаа;
б/ хөдөлгүүр тосолгоо хийгдсэн,  хөргөлтийн болон түлшний системүүдийн ажиллагаа хэвийн байх;
в/хөдөлгүүрийн хүчийг цилиндр бүрт жигд тохируулах;
                г/ хөдөлгүүрийн эргэлтийг тогтоосон хэмжээнд байлгах.
70. Үндсэн ба туслах машин механизмууд жолоодлогын автомат хамгаалалт бүхий төв удирдлагатай бол машин ангиуд ээлжгүй ажиллаж болно.
71.Үндсэн ба туслах хөдөлгүүрт дараах гэмтэл гарсан нөхцөлд ажиллуулахыг хориглоно. Үүнд:
а/ цилиндрийн гавал, втулка, хөдлөх эд анги, масло, түлш болон хийн хоолой цав гарсан;
б/машин эргэлт, шилжүүлэлт болон моторын эд ангид гэмтэл гарсан;
в/ эргэлтэд хязгаарлагчид гэмтэл гарсан;
г/ цилиндрээс хий алдсан;
д/хөдлөх эд ангиудад хэвийн бус чимээ, цохио гарах болсон;
е/агаар шахалт хэвийн бус хэмжээтэй байх;
ж/ цилиндр, картер ба тосны системд ус орсон;
з/цилиндрийн гавлын хамгаа лах хавхлагийн тохиргоо алдагдсан;
и/тос, түлш болон хөргөлтийн шахуургуудын ажиллагаа алдагдсан.
      72. Бүх даралтат савыг тогтоосон хугацаанд заавал шалгаж байна.
     
Хийн шахуургын төхөөрөмж
73.Шахагдсан хийн балл оны тоо, ширхэг, багтаамж нь үндсэн туслах хөдөлгүүрүүдийг асаах, эргэлт шилжүүлэхэд хүрэлцэхүйц тоо хэмжээтэй байна. Дараах баллонд шахалт хийхийг хориглоно.
а/ цав гарсан, хий гарсан;
б/даралт хоногт 10 хүртэл хувиар буурч хий алдагдсан;
в/хамгаалах хавхлаг ба манометр гэмтэлтэй;
г/тослог, уур, чийг гаргах илүү хоолой байрлуулаагүй.
74.Баллоныг цэнэглэх бүрийн өмнө цэвэрлэнэ.
75.Хийн шахуургад дараах гэмтэл тохиолдвол ажиллуулахыг хориглоно.
а/үндсэн эд ангиудад гажилт, цууралт, цав үүсэн;
б/агаарын хоолойнууд хий алдсан;
в/тосны ба хөргөлтийн системд гэмтэл гарсан;
г/хамгаалах хавхлагад тохиргоо хийгдээгүй буюу гэмтэлтэй;
д/хөдлөх эд ангиудад хэвийн бус цохио, чимээ үүссэн.
 
Тээврийн хэрэгсэл, тэдгээрийн төхөөрөмжүүд
76. Ахмад тээврийн хэрэгслийг аялалд гарахын өмнө техникийн үзлэг хийх ба дараах зөрчил дутагдал илэрвэл хөвөлтөд гаргахыг хориглоно. Үүнд:
а/тээврийн хэрэгслийн онгоцны туслах механизмууд цахилгаан хөдөлгүүртэй бол ерөнхий цахилгаан үүсгүүрийн нэг нь ажиллагаагүй болсон;
б/аваарын цахилгаан үүсгүүр гэмтсэн;
в/залуур, тэжээгч шахуурга, хөргөлтийн системийн шахуургын хөдөлгүүр гэмтсэн;
г/дохионы гэрэл, гэрэлтүүлэг ажиллагаагүй болсон;
д/сэнсний далбаа хугарсан, боолтын шплинт муудсан.
      77. Усан онгоцны бүх цахилгаан тоноглол техникийн бүрэн бүтэн байдал, аюулгүй байдлыг хангасан байна.
      78.Тээврийн хэрэгслийн цахилгаан тоноглолын ажиллагаа нь радио дамжуулалт буюу радар, луужингийн хэвийн ажиллагаанд нөлөөлөхгүй ажиллагаатай байх ба цахилгаан гаралт тасалдах, оч үсрэх, хэт халах гэх мэт аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан байна.
      79. Бүх цахилгаан тоноглолын үзлэгийг хийхдээ гүйдлийг салгасны үндсэн дээр сард нэгээс доошгүй удаа зохих журам, зааврын дагуу гүйцэтгэнэ.
      80.Утас, кабелийн бүрхүүлийн чанар, цахилгаан машин, аппаратын хуваарилалтын самбарыг шалгахад цахилгаан гүйдлийг заавал салгасан байна.
      81. Аваарын гэрэл богино хугацаанд асаж байгаа эсэхийг байнга шалгана. 
82. Тээврийн хэрэгсэл нь цахилгаан хэмжих багаж хэрэгслээр хангагдсан байх ба заалтын хэмжүүрийг 2 жилд 1 удаа, эргэлзсэн нөхцөлд тухай бүрт Улсын жин хэмжүүрийн газарт шалгуулна.
      83. Нэг цахилгаан үүсгүүрийн ачааллыг нөгөөд шилжүүлэлгүйгээр ажиллагааг зогсоохыг хориглоно.
84. Цахилгаан самбарын өрөөнд зайлшгүй байх эд зүйлийн жагсаалт:
а/нөөц гал хамгаалагч, дохионы буюу хяналтын гэрэл;
б/засварын багаж;
в.резин бээлий ба дэвсгэр, нүдний шил, хамгаалах бүрхүүлтэй багаж;
г/эмийн сан;
д/галын хор;
е/гар чийдэн, шаардлагатай багаж, түлхүүрүүд.
85.Цахилгаан машиныг дараах тохиолдолд ажиллуулахыг хориглоно. Үүнд:
а/кабель утасны гадаргуу халсан;
б/цуглуулагч /коллектор/-д 2 баллаас дээш оч үсэрсэн;
в/асаах ба тохируулах аппарат хэрэгсэл ажиллагаагүй болсон;
г/машиныг гэмтээж болох үрэлт, цохио үүссэн;
д/зангууны ороомогт богино холбоо үүссэн.
86. Цахилгаан хөдөлгүүрийг дараах тохиолдолд даруй зогсоох арга хэмжээ авна. Үүнд:
а/хөдөлгүүр халах, хиншүү үнэртэх, утаа ба гал гарах;
б/хөдөлгүүрийн галын гажилтаас доргио, чичиргээ үүсэн;
в/хөдөлгөөнтэй эд ангид хүний хувцас татагдсан.
87. Хамгаалах хэрэгслийн хүчинтэй хугацаа тогтмол шал гаж байх ба зориулалтаас өөр шалтгаанаар ашиглахыг хориглоно.
88. 25 вт-аас хүчдэлтэй бүх цахилгаан тоноглолын төмөрлөг хэсгийг заавал газардуулсан байна.
89. Хүчдэлийг салгасны дараа гал хамгаалагчийг сольж хэвшинэ. Хэрэв ийм бололцоогүй бол ачааллыг бууруулж хамгаалах хэрэгслийг солино.
90.Зөөврийн гэрлийг нефть, шатахуун тээвэрлэгч онгоц болон шатаж дэлбэрэх ачааны ойролцоо хэрэглэхийг хориглоно. Мөн өндөр хүчдэлээс аль болох хол байлгаж гэрлийг анхаарал болгоомжгүйгээс түүнд холбохгүй байх ба бүрхүүлд нэвчихгүй байх нөхцөлөөр хангана.
91. Усан замын тээвэр эрхэлж буй тээврийн хэрэгсэл өөрийн радио холбооны станцыг ашиглан мэдээлэл солилцож, эрэг, зогсоол, буудлын диспетчертэй байнгын холбоотой байна.
92. Радио холбооны станцыг ашиглахад дараах баримтыг бүрдүүлсэн байна. Үүнд:
а/радио холбоо ашиглах зөвшөөрөл;
радио станцын гэрчилгээ;
в/ээлжийн журнал;
г/нэвтрүүлгийн долгионы хуваарь;
д/радио холбооны дүрэм;
е/техникийн аюулгүйн дүрэм;
ё/ашиглалтын дүрэм ба заавар.
93.Тээврийн хэрэгслийн радио холбоог зохих мэргэжлийн хүн ажиллуулах бөгөөд холбооны хэвийн ажиллагааг найдвартай хангаж, техникийн үзлэгийг тогтмол хийнэ.
     
Аяллын чиглэл
94. Аяллын чиглэл, замнал нь усан замын тээврийн хөдөлгөөний аюулгүй ажиллагаа, үйлчилгээгээр иргэдийг хангах, зорчигч болон ачаа тээвэрлэлтийг бага зардлаар өндөр бүтээмжтэй зохион байгуулахад чиглэгдсэн, батлагдсан төлөвлөгөө юм. Хөдөлгөөний чиглэлийг засаг захиргаа, усан замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран баталснаар хүчин төгөлдөр болж, аяллын бүх хугацаанд багийн бүрэлдэхүүний заавал мөрдөх журам болно.
 
Усан онгоцны засвар
95. Гол  мөрний тээврийн хэрэгслийн засварыг төлөвлөгөөний дагуу багийн бүрэлдэхүүний хүчээр хийж гүйцэтгэх бөгөөд засварыг дотор нь урсгал, дунд ба их засвар гэж ангилна.
96. Тээврийн хэрэгслийн өвлийн зогсолтын хугацаанд хийх урсгал ба дунд засварыг засварын нэгдсэн мэдээг үндэслэн тогтооно.
 



Шинэ мэдээ


Үйл явдлын мэдээ