Далайн тээвэр

    Монгол Улсад далайн тээврийн салбарыг хөгжүүлэх, газар зүйн байршлаас үл хамааран далайд гарцтай болох, Монгол Улсын бараа бүтээгдэхүүнийг далайгаар дамжуулан тээвэрлэх боломжийг  нээлттэй болгох ажлын хүрээнд шат дараатай арга хэмжээ авснаар тодорхой үр дүнд хүрч байна.  Үндэсний далайн тээврийн салбарыг хөгжүүлэх зорилтын хүрээнд далайн салбарын тэргүүлэгч улсуудтай хамтарч тээврийн үйл ажиллагаа эхлүүлэхээр ажиллаж байна. Тухайлбал, Монгол Улсын уул, уурхайн бүтээгдэхүүнийг гуравдагч улсад экспортлох зорилгоор 2015 онд Монгол Улс – Бүгд Найрамдах Солонгос Улсын хамтарсан далайн тээврийн компанийг үүсгэн байгуулсан.

    Тус компани үүсгэн байгуулагдсан түүхийг сөхвөл 2011 онд ЗТБХБЯ болон БНСУ-ын Газар, тээвэр, далайн хэргийн яам хооронд хамтран ажиллах тухай санамж бичиг байгуулж, Монгол Улсын далайн захиргаа, БНСУ-ын “Саммок Шиппинг” ХХК хооронд 2012 онд “Далайн тээврийн хамтарсан компанийг байгуулах тухай харилцан ойлголцлын санамж бичиг” байгуулсан. Монгол Улсын ЗТЯ болон БНСУ-ын Далайн хэрэг, загас агнуурын яам хооронд 2015 онд хамтран ажиллах тухай санамж бичиг байгуулсан. Далайн тээврийн хамтарсан компани байгуулах асуудлыг Засгийн газрын 180 дугаар тогтоолоор дэмжсэнээр 2015 онд Монгол-Солонгосын хамтарсан “Монгол-Саммок Ложистикс” ХХК БНСУ-ын Сөүл хотноо байгуулагдаад байна.

            “Монгол-Саммок Ложистикс” ХХК-ийн зорилго нь:

- Далайн тээврийн салбарыг Монгол Улсад хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх

- Далайд гарах гарцыг нэмэгдүүлэх

- Далайн олон улсын худалдаа, тээврийн үйл ажиллагаанд оролцох

- Монгол Улсын уул уурхайн бүтээгдэхүүнийг гуравдагч зах зээлд экспортлож дэлхийн зах зээлд өрсөлдөхүйц үнээр борлуулах үйл ажиллагааг баталгаажуулах

- Монгол Улсын далайн салбарын үндэсний боловсон хүчин бэлтгэх;

- Далайн нөөц баялгийг ашиглах, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг далайгаар дамжуулан тээвэрлэх боломжийг нээлттэй болгох зэрэг болно.

    Тус компанийн хувь нийлүүлэгч Солонгосын талаас хөлөг онгоц түрээслэх замаар ажиллаж байна.

    Сүүлийн жилүүдэд дэлхийн эдийн засгийн нөхцөл байдалд тохиож буй хямрал, олон улсын түүхий эдийн зах зээл дээрх уул уурхайн гаралтай бүтээгдэхүүн, түүний дотор нүүрс, төмрийн хүдрийн үнийн үргэлжилсэн уналтаас хамааран Монгол Улсын энэ төрлийн экспортын бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар буурсан нь далайн тээврийн хамтарсан компанийн үйл ажиллагааг эхлүүлэхэд бэрхшээл болж байна.