Боомт ашиглалт

         Монгол Улс нь бүс нутгийнхаа далайн эрэг бүхий улсуудын далайн боомтод саадгүй хүрэх, таатай нөхцөлөөр ашиглах талаар яриа, хэлэлцээг тууштай өрнүүлж ирсэн бөгөөд олон талт хэлэлцээрт нэгдэж, хоёр талт Засгийн газар хоорондын хэлэлцээрүүд байгуулан ажиллаж байна.

         Тухайлбал, далайд гарцгүй орнуудын дамжин өнгөрөх эрхийг хүлээн зөвшөөрөх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын тунхаглал, “Далайн эрх зүйн тухай” 1982 оны конвенц, “Далайд гарцгүй орнуудын дамжин өнгөрөх худалдааны тухай” 1965 конвенц, Дэлхийн худалдааны байгууллагын “Худалдааг хөнгөвчлөх тухай” 2013 оны Балигийн хэлэлцээрт тус тус нэгдсэн.

         “Монгол Улс, Хятад Улсын нутаг дэвсгэрээр далайд гарах болон буцах, дамжин өнгөрөх тээвэр хийх тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг анх 1991 онд байгуулж, 2014 онд шинэчилсэн. Уг хэлэлцээрийн дагуу Манай Улс Хойд болон Зүүн Хойд Хятадын бүс нутгийн гадаад худалдааны нээлттэй далайн боомтуудыг ашиглахаар тохиролцсон.

         Монгол Улсын Далайн захиргаа болон БНХАУ-ын Лиаонин мужийн Жинжоу далайн боомтын захиргааны хооронд хамтын ажиллагааны хэлэлцээрийг 2016 онд байгуулж, Жинжоу далайн боомтыг Монгол Улсын идэвхитэй ашигладаг далайн гарцуудын нэг болгох зорилгоор тус боомтод албан ёсны төлөөлөгчийн газраа нээн ажиллуулж байна. 

         Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газрын хооронд “Монгол Улс, Оросын холбооны Улсын нутгаар дамжин тээвэр хийж, далайд гарах тухай” хэлэлцээрийг 1992 онд “Төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэх нөхцөлийн тухай” хэлэлцээрийг 2018 онд тус тус байгуулсан. Хэлэлцээрийн дагуу ОХУ-ын Алс Дорнодын далайн боомтуудаар дамжин манай улсын бараа, бүтээгдэхүүнийг гуравдагч зах зээлд гаргах боломж бүрдсэн. 

         Монгол Улсын Далайн захиргаа болон Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын Олон улсын судалгааны төвийн хооронд Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудад тулгардаг хүндрэлийг өөрийн орны жишээн дээр тодорхойлон харуулах, бусад далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын туршлагаас судлах, нийтлэг бэрхшээлтэй асуудлуудад дүн шинжилгээ хийх, шийдвэрлэх арга замыг томъёолох зэрэг чиглэлээр хамтран ажиллах тухай санамж бичгийг 2016 онд байгуулан ажиллаж байна.

         Монгол Улсын Далайн захиргаа болон Бүгд Найрамдах Итали Улсын Генуя боомтын захиргааны хооронд Далайн тээвэр, ложистик, боомт ашиглалтын чиглэлээр хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичгийг 2017 онд шинэчлэн байгуулаад байна.

         Монгол Улсын Далайн захиргаа болон Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбооны хооронд Далайд гарцгүй Монгол Улсыг гуравдагч орнуудтай холбох, улмаар Монгол Улсын бараа бүтээгдэхүүнийг хөрш орнуудын нутаг дэвсгэрээр дамжуулан тээвэрлэж зорилтот зах зээлд хүргэх, импортын бараа бүтээгдэхүүнийг шуурхай, эрсдэлгүй, найдвартай оруулахад тээвэр логистикийн компаниудын гүйцэтгэх үүргийг дээшлүүлэх төр болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагуудын ажлын уялдаа, холбоог сайжруулах, салбарт тулгарч буй нийтлэг хүндрэл бэрхшээлийг судлах зорилгоор хамтран ажиллах тухай Санамж бичгийг 2018 онд байгуулан ажиллаж байна.

         БНХАУ болон ОХУ-тай байгуулсан хэлэлцээр болон санамж бичгийн хүрээнд Далайн тээвэр, боомт ашиглалт хариуцсан алба нь 2017-2018 ондуудад дараах судалгааны ажлуудыг хийж гүйцэтгэсэн.

2017 онд:

  • “Далайн эрх зүйн тухай конвенц болон далайн амьд баялгийг ашиглах нөхцөл боломж”
  • “БНХАУ, ОХУ, БНАСАУ-ын далайн боомтуудыг ашиглах нөхцөл боломж”
  • “Монгол Улсын далайд гарах нөхцөл, боломжийн талаарх мэдээлэл, судалгааны тойм” эмхэтгэл
  • “БНХАУ-ын “Лянюунган” боомт буюу “Шинэ торгоны зам” хөгжүүлэх БНХАУ, БНКазУ хоорондын хамтын ажиллагааны хөгжил”

 

2018 онд:

  • “Монгол Улсын уул уурхайн бүтээгдэхүүнийг ОХУ-ын “Восточный” далайн боомтоор дамжуулан гуравдагч орны зах зээлд тээвэрлэн хүргэх нөхцөл боломж”
  • “Монгол Улс Оросын Холбооны Улсын Алс Дорнодын боомтоор нүүрс дамжуулан тээвэрлэхэд хөрөнгө оруулж хамтран ажиллах нөхцөл боломж” (Вера боомт, Восточный боомт, Ванино боомт)
  • “Монгол Улсын бараа, бүтээгдэхүүнийг БНХАУ-ын “Жинжоу” далайн боомтоор дамжуулан тээвэрлэх нөхцөл боломж, зардлын тооцоолол”
  • “Монгол Улсын Далайн захиргаа, Бүгд Найрамдах Итали Улсын Баруун Лигуриягийн тэнгисийн боомттой байгуулсан санамж бичгийн хүрээнд Монгол Улсын экспорт, импортын бараа бүтээгдэхүүнийг Бүгд Найрамдах Итали Улсын Генуя далайн боомтоор дамжуулан тээвэрлэх нөхцөл боломж”-ийн талаар судалгааны ажил хийж байна. 
  • Олон улсын далайн байгууллагаас эмхэтгэн гаргасан “Далайн тээврийн харилцаа, холбоонд ашиглагддаг стандарт үг, хэллэг (Standard Maritime Communication Phrases)” гарын авлага.