Усан замын зогсоол байгуулах түүнийг ашиглах журам

УСАН ЗАМЫН ЗОГСООЛ БАЙГУУЛАХ, ТҮҮНИЙГ АШИГЛАХ ЖУРАМ
 
ЕРӨНХИЙ ЗҮЙЛ
1. Усан замын зогсоолын цогцолборын бүтцэд тасалбар борлуулах цэг, тээш хадгалах газар, хүлээлгийн танхим, зочид буудал, лавлах, худалдааны цэг болон зоогийн газар гэх мэт соёлын болон ахуйн хангамжийн газрууд байж болно.
2. Зогсоолын газар дараах үндсэн зорилтод нийцсэн байна. Үүнд:
а/ачаа ачих, буулгах ажлыг гүйцэтгэх, зогсоолын дамжин өнгөрөх тээврийн хэрэгсэл үйлчилгээ үзүүлэх;
б/зогсоолын аж ахуйг хөгжүүлэх;
в/зогсоол болон усан замын тээврийн хэрэгслийг механикжуулах, автоматжуулах, хөдөлмөр хөнгөвчилсөн дэвшилтэт технологи нэвтрүүлэх;
г/зогсоол хоорондын зорчигч тээврийн үйл ажиллагаа, үйлчилгээг зохион байгуулах;
д/зогсоолд хамаарах бусад туслах үйлдвэр, аж ахуйн ажлыг зохион байгуулах;
е/ачих, буулгах, засвар хийх, техник ашиглалтын болон бусад ажил үйлчилгээний аюулгүй байдлыг хангах, усан замын тээврийн хэрэгслийн аваар аюулгүй үйл ажиллагаа явуулах нөхцөлийг бий болгох;
ё/зогсоол болон усан замын тээврийн хэрэгслийн галын аюулгүй байдлыг хангах, гал түймэр, аваар ослын үед багийн гишүүд, зогсоолын ажилтныг зохион байгуулах;
ж/навигацийн болон техникийн үйлчилгээг иж бүрэн хангах.
3. Зогсоолын үйл ажиллагаа явуулах газар, байршлыг орон нутгийн засаг захиргааны байгууллагаас тогтооно.
 
Зогсоолд тавигдах ерөнхий шаардлага
4.Зогсоол нь тээвэрлэгдэж буй зорчигч, ачааны онцлог, төрөл зүйл болон зогсоолын зэрэглэлд тохирхуйц техник төхөөрөмжөөр тоноглогдсон байна.
5.Зогсоолын нутаг дэвсгэрт дараах шаардлагыг  хангасан байна.
Үүнд:
а/зогсоолын байгууламж, тоног төхөөрөмж, байшин барилга чөлөөтэй байрлаж байх;
б/зогсоолтой холбоотой аливаа үйлчилгээг түргэн шуурхай, аюул осолгүй явуулах талбайтай байх;
в/зогсоолын нутаг дэвсгэрийн хүрээнд авто машины зам, ачих-буулгах тоног төхөөрөмж, төмөр зам ба ачаа барааг хадгалах боломж бүхий хатуу хучилттай замтай байх;
в/борооны болон бусад ус зайлуулах хоолой, бохир усны шугамтай байх;
г/ зэргэлдээх нутаг дэвсгэрээс хаалт, хашаагаар тусгаарлагдсан байх;
е/усан замын тээврийн хэрэгслээс хуурай хог, тээвэрлэгдсэн ачаа, барааны үлдэгдэл хогийг гарган авч зайлуулах газартай байх.
6.Зогсоол нь аврах хэрэгслээр бүрэн хангагдсан байхаас гадна аврах баг бүрэлдэхүүнтэй байвал зохино.
7. Зогсоол дахь усан замын тээврийн хэрэгсэлд үйлчилгээ үзүүлэх, зогсоол руу ирэх болон түүнээс хөдлөх бүрэлдэхүүнийг байршуулах, зогсоолын аж ахуй, ачих, булгах үйл ажиллагааг хийж гүйцэтгэх мэргэшсэн багтай байна. 
8.Зогсоолын усны гүний хэмжээг тухайн  зогсоолын зориулалт, үйлчлүүлэх тээврийн хэрэгслийн овор хэмжээ, төрөл зүйл, усан замын онцлог, усны ёроолын хөрсний байдал, гүний хэмжээ, давлагаа, хаялга зэргийг тооцоолсны үндсэн дээр усан замын удирдлага тогтооно.
9. Зогсоол руу орох, гарах замыг зохистой зайд байрлуулсан хөвүүр торхнууд дээр сайтар бөхлөгдсөн тэмдгээр хашиж өдөр, шөнийн аль ч нөхцөлд тод гэрэлтэж байхаар тоноглогдсон байна.
10. Хөвдөг зогсоолыг зорчигчийн суух болон буухад зориулсан бариултай шатаар тоноглосон байх ба зогсоолыг эрэгт хоёр талаас нь найдвартай бэхэлж тогтоосон байна.
11. Усан замын тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал, тэдгээрийн хэвийн ажиллагаа, үйлчилгээний зохион байгуулалт, ачилт буулгалтыг тухайн тээврийн хэрэгслийн ахмад буюу тээврийн хэрэгслийг жолоодогч хариуцна.
12.Зогсоол нь усан замын тээврийн хэрэгслээс гарсан бохир ус, тос, нефтийн төрлийн бүтээгдэхүүний үлдэгдэл, мод болон бусад бохирдлыг уснаас цэвэрлэж байх зориулалт бүхий /өөрөө явагч болон бусад/ хэрэгсэлтэй байна.
13.Зогсоол дээр усан замын тээврийн хэрэгслийг хамгаалах зориулалт бүхий байгууламж, хаалтын болон хамгаалах тоног төхөөрөмж /далан, давлагаа бууруулагч, мөс зүсэгч/-ийг суурилуулж болох ба гол ус үерлэх, усны түвшин нэмэгдэх үеэр дээрх төхөөрөмж далдлагдвал дарагдсан хэсгийг тойруулан анхааруулах тэмдэг  тавина.
14. Зогсоол буюу хөвдөг зогсоолыг давлагаа, цөнгийн түрэлтээс хамгаалсан зөөлөн урсгалтай газар байгуулна.
 
Зогсоолын усан дотор байрлах хэсэг
 15. Усан дотор байрлах хэсэг нь дараах нийтлэг шаардлагыг хангасан байна. Үүнд:
а/ зогсоолын нутаг дэвсгэрийн тээврийн хэрэгслийн багтаамж, усны гүн тодорхой шаардлагын дагуу бэлтгэгдсэн байх;
б/усан замын тээврийн хэрэгсэлтэй шууд харилцах боломжийг бүрдүүлсэн налуу, усан замын тээврийн хэрэгсэл ирэх буцах аюулгүйн гарц, шатаар хангагдсан байх;
в/ харилцаа холбоо, гэрэлтүүлэгтэй байх;
г/ галын аюулаас сэргийлэх төрөл бүрийн багаж хэрэгслээр хангагдсан, галын байгууллагын машинд зориулсан тусгай зогсоолтой байх;
д/инженерийн шугам сүлжээ /ус дамжуулах хоолой, суваг, шуудуу/, гал түймрийн үед усан  сан руу орох орц, галын автомашиныг байрлуулах зогсоолтой байх;
е/зогсоолын хил хязгаарыг тэмдэглэсэн анхааруулах тэмдэг, тэмдэглэгээ нь өдөр болон шөнийн цагт тод харагддаг байх.
 
Аврах болон галын хэрэгсэл
16. Эргийн болон хөвдөг хэрэгслүүдэд заавал байх аврах хэрэгсэл нь бүрэн бүтэн байх ба тогтоосон нормын дагуу будагдаж, байрлуулагдсан байна.
17. Гал түймрийн үед хэрэглэх тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, дохио дохиолол нь галын аюулгүй байдлын норм, галын байгууллагын шаардлагад нийцсэн тоо хэмжээтэй гал түймэртэй тэмцэх байгууллагын шаардлагын дагуу байршуулагдсан байх ба тэдгээрийн бүрэн бүтэн байдлыг Зогсоолын захиргааны зүгээс тогтмол шалгаж байвал зохино.
 
Зогсоолын ажилтны эрх, үүрэг
18. Хөдөлгөөний аюулгүй байдал, зогсоол, усан замын тээврийн хэрэгсэлтэй харьцах аюулгүй байдлыг боомт, зогсоолын удирдлага хариуцна.
19. Механикжсан ачилт буулгалт бүхий зогсоолд зогсох усан замын тээврийн хэрэгсэл, тэдгээрийн тоног, төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг тухайн зогсоолыг эзэмшигч байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүн /цаашид зогсоолын захирга гэх мэт/ хариуцна.
20. Зогсоолын аж ахуйн тодорхой объектын бүрэн бүтэн байдлыг тухайн объектыг удирдаж буй албан тушаалтан хариуцна.
21. Усан замын тээврийн хэрэгслийг ойртон ирэх хэсгийн гүний хэмжээг зогсоолын удирдлага байнга хянаж ёроолыг нь гүнзгийлэх болон цэвэрлэх ажлыг тухай бүр зохион байгуулахаас гадна ус татарсан хэсгийн эргийн цэвэрлэгээг хариуцан ажиллана.



Шинэ мэдээ


See more