Монгол Улсын Далайн захиргааны танилцуулга

         Далайд гарцгүй хөгжиж буй Монгол Улс нь далайн эрэг бүхий улсуудын нэгэн адил олон улсын худалдааны сүлжээнээс эдийн засгийн үр ашгийг хүртэхийг эрмэлзэж хөрш улсуудаар дамжин өнгөрөх тээврийн асуудлыг шийдвэрлэх, найдвартай далайн гарцтай болох, далайд тээвэр хийх, улмаар Монгол Улсын гадаад худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байна.

         Монгол Улс “Далайн эрх зүйн байдлын тухай” НҮБ-ын конвенцид 1996 онд нэгдэн орсны дараа Монгол Улсын Засгийн газраас “Их далайг ашиглах талаар авах зарим арга хэмжээний тухай” 1996 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 316 дугаар тогтоолыг баталсан. Уг тогтоолоор хөлөг онгоцны бүртгэл хийх эхлэлийг тавьж, Улаанбаатар хотыг бүртгэлийн боомт хот болгон зарласан бөгөөд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулахад шаардлагатай хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, бодлогын баримт бичиг боловсруулахыг холбогдох яамдуудад даалгасан байдаг.

         Улмаар 1999 оны 05 дугаар сарын 28-нд “Далай ашиглах тухай” хуулийг баталсан бөгөөд Засгийн газрын 2001 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн хуралдаанаар хөлөг онгоцны бүртгэлийг хэрэгжүүлэхийг Дэд бүтцийн сайдад, далайн баялаг ашиглах үйл ажиллагааг түр хугацаагаар хойшлуулан зөвхөн дотооддоо загас барих үйл ажиллагаа эрхлэхийг Хүнс, хөдөө аж ахуйн сайдад тус тус даалгаснаас гадна Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Авто тээврийн газар болон Сингапур Улсын “Маритайм Чейн” компанийн хооронд гэрээ байгуулан “Монголын хөлөг онгоц бүртгэл” хамтарсан компани байгуулахыг дэмжсэнээр 2003 оноос хөлөг онгоц бүртгэх үйл ажиллагааг эхлүүлсэн юм.           

         “Далай ашиглах тухай” хуулинд 2007 оны 11 дүгээр сард нэмэлт, өөрчлөлт оруулсантай холбогдуулан Далайн захиргааг Монгол Улсын Зам, тээвэр, аялал жуулчлалын сайдын “Далайн захиргаа байгуулах, түүний бүтэц, орон тоо, дүрэм, цалин батлах тухай” 2007 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 174 дүгээр тушаалаар байгуулсан.

         Далайн захиргаа нь Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 12 дугаар тушаалаар батлагдсан зохион байгуулалтын бүтцээр нийт 25 хүний орон тоотой, тээврийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний эрхлэх ажлын хүрээнд үйл ажиллагаагаа явуулж, ажлаа түүнд тайлагнаж байна. 

         Монгол Улсын Далайн захиргаа дараах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Үүнд:

  1. Олон Улсын гэрээ, конвенц болон дотоодын хууль, тогтоомжийн хэрэгжилт
  2. Хөлөг онгоцны бүртгэл, хяналт
  3. Далайн тээвэр /”Монгол-Саммок Ложистикс” ХХК/
  4. Боомт ашиглалт
  5. Усан замын тээврийн бүртгэл, хяналт
  6. Далайн салбарын үндэсний боловсон хүчин бэлтгэх