МОНГОЛ УЛСЫН
ДАЛАЙН ЗАХИРГАА
ЦАХИМ ШУУДАН | | EN
 
ОНЛАЙН ТУСЛАХ
ХАНДАЛТЫН ТОО
7 хоногт: 3046
Нийт: 470309
МОНГОЛ УЛСЫН ХӨЛӨГ ОНГОЦНЫ БҮРТГЭЛД ХӨЛӨГ ОНГОЦ БҮРТГЭХ ЖУРАМ
ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ 2003 ОНЫ 3 ДУГААР ТОГТООЛЫН ХАВСРАЛТ


МОНГОЛ УЛСЫН ХӨЛӨГ ОНГОЦНЫ БҮРТГЭЛД ХӨЛӨГ ОНГОЦ БҮРТГЭХ ЖУРАМ 
 
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.  Энэ журмын зорилго нь Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд хөлөг онгоц бүртгэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
1.2. Хөлөг онгоцны бүртгэлийг Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлийн боомт эрхлэн явуулна. 
1.3. Бүртгэлийн боомтод бүртгүүлсэн хөлөг онгоц Монгол Улсын хууль, Монгол Улсын олон улсын гэрээ, далайн тээврийн ерөнхий журам, стандарт, бүртгэлийн боомтоос батлан гаргасан дүрэм, журмыг дагаж мөрдөнө. 
1.4. Энэхүү журмын дагуу бүртгүүлсэн Монгол Улс болон гадаад улсын хөлөг онгоц Монгол Улсын төрийн далбааг мандуулах эрх эдэлнэ.
 
Хоёр. Хөлөг онгоцны бүртгэлийн боомт
2.1. Бүртгэлийн боомт нь энэ журмын дагуу хөлөг онгоцыг Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэж, холбогдох гэрчилгээ болон түүнд шаардагдах бусад баримт бичгийг олгоно.
2.2. Бүртгэлийн боомтын дарга нь тээврийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн байна.
2.3. Бүртгэлийн боомтын дарга нь энэхүү журмын дагуу бүртгэлийн үйл ажиллагааг эрхлэн явуулах бүртгэгч, итгэмжлэгдсэн төлөөлөгчийг гадаад улсад томилон ажиллуулж болно. 
2.4. Бүртгэлийн боомт болон төлөөлөгчийн газарт дараахь баримт бичгийг бүртгэж хадгална. Үүнд:
2.4.1. бүртгэлийн байнгын болон түр гэрчилгээ, түүнтэй холбогдох бүх баримт бичиг;
2.4.2. тооцооны хуудас (bill of sale), тээвэрлэлтийн бусад баримт бичиг;
2.4.3. хөлөг онгоцны барьцааны бүртгэл;
2.4.4. хөлөг онгоцны барьцааны шилжүүлгийн бүртгэл;
2.4.5. хөлөг онгоцонд хамаарах бусад баримт бичиг.
2.5. Бүртгэлийн боомтын дарга буюу итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дараахь эрхтэй байна. Үүнд:
2.5.1. Монгол Улсын олон улсын гэрээ, конвенцид нийцүүлэн энэ журамд заасан гэрчилгээ, хөлөг онгоцтой холбоотой баримт бичгийг олгохтой холбогдсон дүрэм, журмыг батлах, стандарт боловсруулах;
2.5.2. хөлөг онгоцонд суурилуулсан радио холбооны төхөөрөмжид хөлөг онгоцны радио станцын гэрчилгээ олгох;
2.5.3. Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэгдсэн хөлөг онгоц нь энэхүү журмын дагуу бүртгэлийн боомтоос тавьсан шаардлагыг зөрчсөн гэж үзвэл гэрчилгээ болон бусад баримт бичгийг хугацаанаас нь өмнө хүчингүй болгох;
2.5.4. хөлөг онгоцны бүртгэлээс бусад хураамжийн хэмжээг тогтоох;
2.5.5. хөлөг онгоцыг дангаар түрээслэх гэрээний маягт, бүртгэлийн байнгын болон түр гэрчилгээ, хөлөг онгоцны бусад баримт бичгийн загварыг батлах. Хөлөг онгоцыг дангаар түрээслэх гэдэг нь хөлөг онгоцыг экипажгүйгээр (Bareboat Charter) түрээслэхийг хэлнэ. 
2.6. Боомтын дарга болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас бусад этгээдэд учруулсан хохирлыг хариуцна.
 
Гурав. Хөлөг онгоцны бүртгэл
  I. Бүртгэлийн мэдүүлэг гаргах
3.1. Дор дурдсан эрх бүхий этгээд хөлөг онгоцны нэр, цэвэр болон бохир даац, үйлдвэрлэгдсэн газар, он, эзэмшигчийн нэр, хаягийг бүртгэлийн мэдүүлэгт тодорхой заан бүртгэлийн боомтод бичгээр өргөдөл гаргана. Үүнд:
3.1.1. хөлөг онгоц эзэмшигч;
3.1.2. хамтран эзэмшигч;
3.1.3. хөлөг онгоц эзэмшигчээс бичгээр эрх олгогдсон бусад ажилтан.
3.2. Хөлөг онгоц бүртгүүлэхээр гаргасан мэдүүлгийг дор дурдсан эрх бүхий этгээд үнэн зөв болохыг тогтооно. Үүнд:
3.2.1. боомтын дарга, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч;
3.2.2.  бүртгэгч;
3.2.3. Монгол Улсын консул;
3.2.4.  нотариатч.
3.3. Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд Монгол Улсын болон бусад орны зэвсэгт хүчин, тэнгисийн цэрэгт харьяалагддаг хөлөг онгоц, бусад улсад бүртгэлтэй загас агнуурын хөлөг онгоцыг бүртгэхгүй. 
 П. Хөлөг онгоцыг бүртгэх, гэрчилгээ олгох
Бүртгэлийн боомтын дарга буюу итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хөлөг онгоцны бүртгэлийн байнгын болон түр гэрчилгээ олгоно. 
3.5. Бүртгэлийн боомтын дарга, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хөлөг онгоц эзэмшигчээс бүртгүүлэхийг хүсч бичгээр гаргасан өргөдлийг энэхүү журмын 3.1-д заасан мэдүүлгийн хамт хүлээн авч дараахь шаардлагыг хангасан нөхцөлд бүртгэлийн байнгын буюу түр (6 сарын хугацаатай) гэрчилгээ олгоно. Үүнд: 
3.5.1. хөлөг онгоц эзэмшигчийн талаархи мэдээлэл үнэн зөв;
      
3.5.2. хөлөг онгоц далайд аялах техникийн шаардлагыг бүрэн хангасан;
3.5.3. хөлөг онгоцны эзэмшигч бүртгэлийн боомтод бүртгэлийн хураамжийг төлсөн;
3.5.4. хөлөг онгоцны нэрийн тэмдэглэгээ, албан ёсны дугаар, цэвэр болон бохир даац, харьяалагдах боомтын нэрийг энэхүү 


журмын 3.19, 3.20, 3.21-д заасны дагуу тэмдэглэсэн;
3.5.5. мэргэжлийн шинжээчээр хэмжилт хийлгэж, баталгаажуулсан.
3.6. Боомтын дарга, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хөлөг онгоцонд хэмжилт хийлгэхээр томилсон мэргэжлийн шинжээч нь хөлөг онгоцны зориулалт, урт, өргөн, гүн, даац, хөлөг онгоцыг тодорхойлоход шаардлагатай бусад үзүүлэлт болон энэхүү журмын 3.19, 3.20, 3.21-д  заасны дагуу тэмдэглэгээ хийсэн эсэхийг шалгаж баталгаажуулна.
3.7. Боомтын дарга болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нь бүртгэлийн байнгын буюу түр гэрчилгээ олгох, тэдгээрийг шинэчлэх талаар журам батална.
3.8. Итгэмжлэгдсэн төлөөлөгч бүртгэлийн түр гэрчилгээ олгосон даруйд гэрчилгээний хуулбарыг бүртгэлийн боомтын даргад явуулна.
3.9. Хөлөг онгоцны эзэмшигч түр гэрчилгээг сунгуулах хүсэлт гаргавал боомтын дарга буюу итгэмжлэгдсэн төлөөлөгч бүртгэлийн түр гэрчилгээг нэг удаа 6 сараас илүүгүй хугацаагаар сунгаж болно.
3.10. Хөлөг онгоц эзэмшигч нь хөлөг онгоцны даацын хураамжийг бүртгэлийн гэрчилгээний хугацаа дуусахаас өмнө төлнө. Даацын хураамжийг хугацаандаа төлөөгүй бол боомтын дарга буюу итгэмжлэгдсэн төлөөлөгч уг хөлөг онгоцны бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгоно. 
Ш. Хөлөг онгоцыг дангаар (Bareboat Charter)  түрээслэх, бүртгэлийн гэрчилгээ олгох
3.11. Гадаад улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэлтэй хөлөг онгоцыг тухайн улсын хөлөг онгоц бүртгэх журам, зөвшөөрлийн дагуу хөлөг онгоцыг дангаар түрээслэгч нь боомтын дарга буюу итгэмжлэгдсэн төлөөлөгчид дараахь баримт бичгийг гаргаж бүртгэлийн хураамжийг төлсөн бол хоёр жил хүртэл хугацаагаар бүртгэлийн гэрчилгээ авч болно. Үүнд:
3.11.1. бичгээр гаргасан өргөдөл;
3.11.2. хөлөг онгоц дангаар түрээслэх гэрээг энэхүү журмын 3.2-т заасан эрх бүхий этгээдийн тогтоосон хувь;
3.11.3. хөлөг онгоц эзэмшигчийн дангаар түрээслүүлэхээр бичгээр олгосон зөвшөөрөл;
3.11.4. урьд нь бүртгүүлсэн бүртгэлийн боомтоос ямар нэг нэхэмжлэлгүй болохыг тодорхойлсон тодорхойлолт;
3.11.5. урьд нь бүртгүүлсэн улсын бүртгэлийн боомтоос бичгээр өгсөн зөвшөөрөл. 
3.12. Хөлөг онгоцыг дангаар түрээслэх бүртгэлийн гэрчилгээг энэхүү журмын дагуу бүртгүүлсэн хөлөг онгоц даацын хураамжийг төлөөгүй тохиолдолд олгохгүй.
3.13. Хөлөг онгоц ашиглах хугацаанд хөлөг онгоцыг дангаар түрээслэх бүртгэлийн гэрчилгээг бусдад шилжүүлбэл энэ талаар боомтын дарга буюу боомтын итгэмжлэгдсэн төлөөлөгчид мэдэгдэж бүртгэлийн дэвтэрт бүртгүүлнэ.
3.14. Хөлөг онгоцыг дангаар түрээслэх бүртгэлийн гэрчилгээний хугацаа дуусахаас өмнө түрээслэгч боомтын дарга, итгэмжлэгдсэн төлөөлөгчид өргөдөл гаргаж, дангаар түрээслэх гэрээ, эзэмшлийн гэрчилгээ, бүртгэлийн хуулбар, үл хөдлөх хөрөнгийн зээлийн гэрээг эзэмшигчдийн зөвшөөрлийн хамт гаргаж өгсөн ба холбогдох бүх татвар, хураамжийг барагдуулсан бол хоёр жилийн хугацаагаар сунгаж болно.
3.15. Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгүүлсэн хөлөг онгоцыг дангаар түрээслэгч нь хөлөг онгоцоо гадаад улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгүүлэхдээ Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлийн боомтын дарга буюу итгэмжлэгдсэн төлөөлөгчийн бичгээр өгсөн зөвшөөрлийг авч бүртгүүлж болно. Түрээслэгч нь энэхүү зөвшөөрлийг авахдаа дор дурдсан бичиг баримтыг бүртгэлийн боомтод гаргаж өгнө. Үүнд:
3.15.1. эзэмшигчийн бичгээр өгсөн зөвшөөрөл;
3.15.2. боомтын дарга буюу итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн бүртгэлд байгаа үл хөдлөх хөрөнгийн зээлийн барьцаа эзэмшигч буюу нэхэмжлэл гаргаж болох бусад эрх бүхий этгээдийн бичгээр өгсөн зөвшөөрөл.
3.16. Хөлөг онгоцны үйлдвэрлэгч болон захиалагч нь шинээр үйлдвэрлэсэн хөлөг онгоцыг Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгүүлэхдээ боомтын дарга буюу итгэмжлэгдсэн төлөөлөгчид өргөдөл гаргаж түүнд дараахь зүйлийг тусгана. Үүнд:
3.16.1. хөлөг онгоцыг өөрөө, эсхүл өөрийн захиалгаар үйлдвэрлэсэн болох;
3.16.2. үйлдвэрлэсэн газар, он, сар, өдөр;
3.16.3. зориулалт;
3.16.4. урт, өргөн, гүн, даац;
3.16.5. техникийн бусад үзүүлэлт.
      
  IҮ. Хөлөг онгоцонд хийцийн өөрчлөлт хийх
3.17. Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэгдсэн хөлөг онгоцны даацын болон техникийн бусад үзүүлэлтүүдийг өөрчилсөн бол эзэмшигч нь хөлөг онгоцыг шинээр бүртгүүлэхээр өргөдөл гаргана.
3.18. Боомтын дарга буюу итгэмжлэгдсэн төлөөлөгч нь мэргэжлийн шинжээч томилж, хөлөг онгоцны даацын болон техникийн бусад үзүүлэлтийн өөрчлөлтүүдийг тогтоон энэхүү журамд зааснаар бүртгэлийн гэрчилгээг шинээр олгох бөгөөд бүртгэлийн гэрчилгээнд даацын болон техникийн үзүүлэлтийн өөрчлөлтийг тэмдэглэнэ.
 Ү. Хөлөг онгоцны нэр, дугаар, тэмдэглэгээ хийх
3.19. Бүртгүүлсэн хөлөг онгоцны нэрийг хөлөг онгоцны хажуу болон хошуун дээр бичсэн байна. Түүнчлэн уг хөлөг онгоцны харьяалагдах эх боомтын нэрийг хошуун дээр тэмдэглэнэ. Нэрийг бараан дэвсгэр дээр цайвар өнгөөр холоос тод харагдахуйц байдлаар латин үсгээр товойлгон гаргана. Үсгийн өндөр 100 мм-ээс багагүй байна.
3.20. Боомтын дарга буюу итгэмжлэгдсэн төлөөлөгч бүртгэгдсэн хөлөг онгоцыг дугаарлах журам тогтоож болно. Хөлөг онгоцын бүртгэлийн дугаарыг гол тэнхлэг дээр нь сийлэх буюу арилахааргүйгээр тэмдэглэнэ.
3.21. Бүртгэгдсэн хөлөг онгоцны суултын хэмжээсийг хөлөг онгоцны их биеийн хоёр талаар болон хошууны үзүүрт метр, дециметрийн хэмжээсээр араб болон ром тоогоор тэмдэглэнэ. Тоо бүрийн доод шугам нь суултын хэмжээсийг заана.
3.22. Хөлөг онгоцыг анх бүртгэхдээ боомтын дарга буюу итгэмжлэгдсэн төлөөлөгч уг хөлөг онгоцонд албан ёсны дугаар олгоно.
3.23. Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлтэй хөлөг онгоцны нэрийг өөрчилж болох бөгөөд энэ тохиолдолд боомтын дарга буюу итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хөлөг онгоц эзэмшигчийн хүсэлтээр бүртгэлийн гэрчилгээг шинээр олгоно. 
ҮI. Бүртгэлийн гэрчилгээг хэрэглэх, бүртгэлээс хасуулах
3.24. Бүртгэлийн гэрчилгээг хөлөг онгоц аялалд гарахад ашиглана.
3.25. Хөлөг онгоцтой холбоотой асуудлаар нэхэмжлэл гаргагч, үл хөдлөх хөрөнгийн зээлийн барьцаалагч, даатгалын байгууллага болон бусад этгээд гэрчилгээг хураан авах эрхгүй.
3.26. Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлийн гэрчилгээг үрэгдүүлж гээгдүүлсэн бол зохих хураамжийг төлсөн тохиолдолд боомтын дарга буюу итгэмжлэгдсэн төлөөлөгч анхны гэрчилгээг үндэслэн түүнийг дахин олгоно.
3.27. Зохих хураамжийг төлсөн тохиолдолд аливаа этгээд өөрийн эзэмшлийн хөлөг онгоцны бүртгэлийн гэрчилгээний баталгаажуулсан хуулбарыг авч болно.
3.28. Монгол Улсын хөлөг онгоц эзэмшигч дараахь нөхцөл бүрдсэн тохиолдолд тухайн хөлөг онгоцоо бүртгэлээс хасуулах өргөдлийг бичгээр гаргана. Үүнд:
3.28.1. бүртгэлд тэмдэглүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалах гэрээний нөхцөл хангагдаагүй;
3.28.2. энэхүү журмын дагуу хөлөг онгоцыг бүртгүүлэхтэй холбоотой хураамжийн хэмжээтэй санал нийлээгүй;
3.28.3. хөлөг онгоцны ахмад, далайчдаас цалин хөлснийхээ талаар гаргасан гомдлыг хөлөг онгоц эзэмшигч нь боомтын дарга буюу итгэмжлэгдсэн төлөөлөгчид тэмдэглүүлснээр шийдвэрлээгүй.
3.29. Бүртгэлээс хасуулах тухай өргөдөлд хөлөг онгоцны нэр, бүртгүүлсэн боомт, улсын нэрийг бичих буюу бүртгэлээс хасуулж байгаа шалтгааныг тодорхой заасан байна. Өргөдлийг хүлээн авсны дараа энэ журмын 3.28-д заасан нөхцөлд боомтын дарга буюу итгэмжлэгдсэн төлөөлөгч хөлөг онгоцыг бүртгэлээс хасч, энэ тухай бүртгэлийн дэвтэрт тэмдэглэл хийнэ.
3.30. Боомтын дарга буюу итгэмжлэгдсэн төлөөлөгч Монгол Улсын олон улсын гэрээний шаардлагыг зөрчсөн этгээдийн хөлөг онгоцны бүртгэлийн гэрчилгээ, бусад техникийн гэрчилгээнүүдийг цуцлах буюу тодорхой нөхцөл тавьж болно.
ҮП. Хөлөг онгоцны эзэмшлийг шилжүүлэх
3.31. Монгол Улсын хөлөг онгоц, түүний хувьцааг бусдад шилжүүлэхдээ худалдсан тухай тооцооны хуудсыг үндэслэнэ. 
3.32. Тооцооны хуудсыг шилжүүлэгч нь гэрчийн дэргэд боомтын дарга буюу итгэмжлэгдсэн төлөөлөгчийн баталсан өргөдлийг бөглөж, гэрчийн гарын үсгийг зуруулах бөгөөд уг тооцооны хуудас нь хөлөг онгоцны бүртгэлийн гэрчилгээнд дурдсан техникийн үзүүлэлтүүдийг агуулсан байна.
3.33. Хөлөг онгоц эзэмшигч нь Монгол Улсын хөлөг онгоцны хувьцааг бүртгэлийн боомтыг өөрчлөхгүйгээр шилжүүлэх хүсэлтэй бол боомтын дарга буюу итгэмжлэгдсэн төлөөлөгч хуучин бүртгэлийн гэрчилгээг хураан авч, энэхүү журмын дагуу шинээр бүртгэлийн гэрчилгээ олгоно.
3.34. Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлийн талаар ямар нэгэн шийдэгдээгүй асуудал байхгүй ба боомтын дарга буюу итгэмжлэгдсэн төлөөлөгчид бүртгэлийн гэрчилгээгээ хураалгасан бол Монгол Улсын хөлөг онгоц эзэмшигч хөлөг онгоцоо гадаад улсын бүртгэлд шилжүүлж болно. Энэ тохиолдолд хөлөг онгоцны нэр, шилжүүлэх болсон шалтгаан, эзэмшигчийн нэр, шинээр бүртгүүлэх улсын нэрийг тодорхой заасан өргөдлийг хөлөг онгоцны эзэмшигч боомтын дарга буюу итгэмжлэгдсэн төлөөлөгчид бичгээр гаргана.
3.35. Тухайн хөлөг онгоц эзэмшигчийн харьяалах шүүх хөлөг онгоц, түүний хувьцааг бусдад шилжүүлэх шийдвэр гаргаж хөлөг онгоц, түүний хувьцааг шилжүүлэх этгээдийн нэрийг заасан бол боомтын дарга буюу итгэмжлэгдсэн төлөөлөгч дээрх этгээдийг хөлөг онгоцны бүртгэгдсэн эзэмшигчийн нэгэн адилаар үзнэ.
3.36. Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэгдсэн хөлөг онгоцыг бусдад шилжүүлэхэд дараахь нөхцөлийг бүрдүүлсэн байвал зохино:
3.36.1. тухайн этгээд хөлөг онгоцоо бусдад шилжүүлснээ зарласан батламж бичиг (цаашид “батламж” гэх) гаргана. Уг батламжид хөлөг онгоцны техникийн үзүүлэлтүүд, тооцооны хуудас, хөлөг онгоцоо ямар этгээдэд шилжүүлж байгаа тухайгаа тодорхой тэмдэглэсэн байх;
3.36.2. батламж нь дампууралтай холбоотой бол уг батламжид дампуурлын нэхэмжлэл үүсгэсэн этгээдийн эрхийг нотлох, аливаа шүүх хүлээн зөвшөөрөхүйц хэлбэрээр гаргасан баримтыг хавсаргах;
             
3.36.3. батламж нь эзэмшигч нас барсантай холбоотой бол түүнд эзэмшигчийн төлөөллийг нотлох баримт бичиг буюу түүнтэй холбогдох албан ёсны баримтыг хавсаргасан байна.
3.37. Монгол Улсын хөлөг онгоцыг шилжүүлсэн батламж нь тооцооны хуудастай адил үйлчлэлтэй байна.
3.38. Тухайн хөлөг онгоц эзэмшигчийн харьяалах шүүхэд хөлөг онгоц болон түүний хувьцааг шилжүүлэхийг зогсоох тухай нэхэмжлэлийн талаар гаргасан шүүхийн шийдвэрийг боомтын дарга буюу итгэмжлэгдсэн төлөөлөгч дагаж мөрдөх үүрэгтэй.
 
Дөрөв. Үл хөдлөх эд хөрөнгийн зээл /mortgage/
4.1. Монгол Улсын хөлөг онгоц, түүний хувьцаа нь зээл болон эд хөрөнгийн баталгаа болж болно. Ийнхүү баталгаа болгосныг гэрчлэх баримт бичиг нь (цаашид “үл хөдлөх эд хөрөнгийн зээлийн баталгаа” гэх) тогтоосон маягтын дагуу хийгдсэн байх ёстой бөгөөд ийм баталгааг боомтын дарга буюу итгэмжлэгдсэн төлөөлөгч бүртгэлийн дэвтэрт бүртгэж авна.
4.2. Үл хөдлөх эд хөрөнгийн зээлийн баталгааг боомтын дарга буюу итгэмжлэгдсэн төлөөлөгчид эзэмшигчийн бүртгүүлэхээр өгсөн дарааллаар бүртгэлийн дэвтэрт бүртгэнэ. Бүртгүүлсэн он, сар, өдөр, цагийг тэмдэглэсэн санамж бичгийг үл хөдлөх эд хөрөнгийн зээлийн баталгаа тус бүр дээр үйлдэж боомтын дарга буюу итгэмжлэгдсэн төлөөлөгч гарын үсэг зурж баталгаажуулна.
4.3. Үл хөдлөх эд хөрөнгийн зээлийн баталгааг бүртгүүлэхийн өмнө зээлдэгч нь тухайн хөлөг онгоцоо урьд нь барьцаалж авсан зээлийн төлөгдөөгүй өр байхгүй  болохыг бичгээр тодорхойлно. Хэрэв зээлдэгч энэ талаар бүрэн мэдээлэл өгөөгүй бол зээлдүүлэгч зээлийн өрийг нэн даруй төлөхийг шаардах эрхтэй. 
4.4. Хөлөг онгоц эзэмшигч үл хөдлөх эд хөрөнгийн зээлээ төлж дууссан тохиолдолд үүнийгээ батлах баримт бичгийг боомтын дарга буюу итгэмжлэгдсэн төлөөлөгчид бүртгүүлэн үл хөдлөх эд хөрөнгийн зээлийн баталгааг бүртгэлээс хасуулна.
4.5. Тухайн хөлөг онгоц буюу түүний хувьцаанд нэг бус хэд хэдэн зээлийн баталгаа авсан тохиолдолд зээлийн төлөгдөх эрэмбэ нь зээлийн баталгаа авсан он, сар, өдрөөр бус бүртгэлийн дэвтэрт бүртгэгдсэн он, сар, өдрөөр тогтоогдоно.
4.6. Хөлөг онгоцыг үл хөдлөх эд хөрөнгийн зээлийн баталгаа болгосноор зээлдүүлэгч нь тухайн хөлөг онгоцны эзэмшигч гэж тооцогдохгүй бөгөөд эзэмшигчийн эрх нь хэвээр байна. 
4.7. Зээлдэгч зээлээ хугацаанд нь төлөөгүй тохиолдолд зээлдүүлэгч хөлөг онгоцыг худалдах эрхтэй. Хэрэв тухайн хөлөг онгоцыг хэд хэдэн зээлийн баталгаа болгосон бол бүх зээлдүүлэгчдийн зөвшөөрөл буюу шүүхийн шийдвэр гарснаар худалдана.

4.8. Хөлөг онгоц, түүний хувьцааны үл хөдлөх эд хөрөнгийн зээлийн баталгааг бүртгүүлснээс хойш зээлдэгч дампуурсан тохиолдолд зээлийн өр төлөлтөд нөлөөлөхгүй. Зээлдүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийн баталгаа болгосон тухайн хөлөг онгоцноос олгосон зээлээ төлүүлэх эрхтэй. 
4.9. Үл хөдлөх эд хөрөнгийн зээлийн баталгааг өөр этгээдэд шилжүүлж болно. Шилжүүлснийг нотлох баримт бичгийг тогтоосон маягтын дагуу үйлдэнэ. Шилжүүлсэн тухай баримт бичгийг боомтын дарга буюу итгэмжлэгдсэн төлөөлөгчид үзүүлж шилжүүлэн авагчийг зээлдэгчээр бүртгүүлнэ. Шилжүүлгийг бүртгэсэн он, сар, өдөр, цагийг тэмдэглэсэн санамж бичгийг үйлдэж боомтын дарга буюу итгэмжлэгдсэн төлөөлөгч гарын үсэг зурж баталгаажуулна. 
4.10. Зээлдүүлэгч дампуурсан буюу нас барсан тохиолдолд Монгол Улсын хөлөг онгоцны үл хөдлөх хөрөнгийн зээлийн баталгааг бусад этгээдэд шилжүүлж болно. Шилжүүлгийг шилжүүлэн авагч этгээдийн гаргасан мэдүүлгийг нотлох баримтын хамтаар боомтын дарга буюу итгэмжлэгдсэн төлөөлөгчид хүлээн авсны дараа үл хөдлөх эд хөрөнгийн зээлийн баталгааг шинэчлэн бүртгэж авна.
 
Тав. Үзлэг шалгалт, аюулгүй байдал
5.1. Боомтын дарга буюу итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тушаалаар томилогдсон Олон Улсын Ангиллын нийгэмлэг (Classification Society)-ийн мэргэжилтнүүд хөлөг онгоцны аяллын стандартыг тогтооно.
5.2. Хөлөг онгоц бүрийг үзлэгт оруулна.
5.3. Монгол Улсад бүртгэгдсэн хөлөг онгоц аюулгүйн гэрчилгээг тавцан дээрээ авч яваагүй тохиолдолд далайд хөвөхийг хориглоно.
5.4. Монгол Улсын хөлөг онгоцны ахмад хөлөг онгоц далайд гарахтай холбоотой заалтуудын дагуу холбогдох шаардлагатай гэрчилгээг боомтын ажилтанд үзүүлж зөвшөөрөл авна. Гэрчилгээ болон бусад баримт бичгийг үзүүлээгүй тохиолдолд далайд гарах зөвшөөрөл өгөхгүй бөгөөд хөлөг онгоцыг саатуулж болно.
5.5. Бүртгэлийн боомтоос Монгол Улсын хөлөг онгоцуудад үзлэг шалгалт хийх, гэрчилгээ олгохтой холбоотой дүрэм, журам батлан гаргана. Эдгээр дүрэм, журамд дор дурдсан зүйлийг тусгана:
5.5.1. хийх үзлэг шалгалтыг тодорхойлох ба гэрчилгээг олгох, тэмдэглэгээ хийх;
5.5.2. Монгол Улсын хөлөг онгоцонд техникийн болон бусад үзлэг шалгалт хийх мэргэжлийн шинжээчдийг томилох;
5.5.3. шинжээчийг томилох, түдгэлзүүлэх үндэслэлийг тодорхойлох.
5.6. Хөлөг онгоц, түүний тоног төхөөрөмжид олгосон гэрчилгээ нь анх олгосон нөхцөл, холбогдох дүрэм, журамд нийцэхгүй болсон гэж үзэх үндэслэл байвал боомтын дарга буюу итгэмжлэгдсэн төлөөлөгч нь уг хөлөг онгоцонд олгосон гэрчилгээнүүдийг цуцалж болно.
5.7. Бүртгэлийн боомт хөлөг онгоцонд радио холбооны төхөөрөмж суурилуулах, мөн радио навигацийн болон холбооны мэргэжлийн ажилтныг хөлөг онгоцны багийн бүрэлдэхүүнд заавал оруулах талаар журам гаргаж болно.
5.8. Бүртгэлийн боомт дор дурдсан дүрэм, журмуудыг гаргана:
5.8.1. аврах завийг дугаарлах, түүний төрөл, үйлдвэрлэгдсэн зориулалт болон хөлөг онгоцны ангиллаас хамааран авч явах аврах хөвөгч хэрэгсэл, бүс, хүрэм зэргийг ашиглах тухай;
5.8.2. аврах завь, хөвөгч хэрэгсэл дээр авч явах багаж хэрэгсэл, аврах үйл ажиллагааны аргачлал, салхи шуургатай үед хэрэглэх тосны тухай;
5.8.3. хөлөг онгоцны тавцан дээр тодорхой тооны, шаардлага хангасан хөвөгч аппаратуудыг нэмэлтээр буюу эсхүл аврах хүрэм, хөвөгч хэрэгсэл, бүсний оронд авч явах тухай;
5.8.4. аврах завь, хөвөгч хэрэгсэл, хөвөгч аппарат дээр тэдгээрийн хүчин чадлын хэмжээ, даацыг тэмдэглэх тухай;
5.8.5. аврах завины багийн гишүүдийн мэргэжлийн ур чадвар, мэргэжлийн гэрчилгээний тухай;
5.8.6. галын аюулаас урьдчилан сэргийлэх, гал унтраах хэрэгсэл, тэдгээрийг ашиглах зааврыг хөлөг онгоцон дээр авч явах, хэрэглэх тухай;
5.8.7. гал гарах, түүнээс урьдчилан сэргийлэхтэй холбоотой мэдээлэл, аврах ажиллагааны төлөвлөгөөг гаргах тухай;
5.8.8. өдөр, шөнийн аваарын дохиог хөлөг онгоцонд бэлэн байлгах тухай;
5.8.9. шалгалт, засвар үйлчилгээ хийх хугацааны тухай;
5.8.10. сургалт, давтан сургалт, гэрчилгээ олгох болон хөлөг онгоцны ахмад, далайчдын сахилга батын тухай;
5.8.11. навигаци болон далайд аюулгүй хөвөх тухай;
5.8.12. далайд ачаа тээвэрлэх тухай;
5.8.13. хөлөг онгоцны эзэмшигчдийн үүрэг хариуцлагын тухай;
5.8.14. хөлөг онгоцны эвдрэл, аврах ажиллагааны тухай;
5.8.15. тээвэрлэлттэй холбоотой бусад асуудлын тухай.
5.9. Хөлөг онгоцны ахмад болон эзэмшигч нь хөлөг онгоцоо аврах хэрэгслээр хангаж зорчигчид, багийн аюулгүй байдлыг хамгаалах үүрэгтэй.
5.10. Хөлөг онгоцны эзэмшигч, ахмад болон хөлөг онгоцны жолоодлогыг хариуцаж байгаа этгээд мөргөлдөхөөс урьдчилан сэргийлэх журмыг дагаж мөрдөн эдгээр журамд зааснаас өөр төрлийн гэрэл, дохио хэрэглэхийг хориглоно.
5.11. Бүртгэлийн боомт нь Олон улсын гэрээ, конвенцид заасны дагуу хөлөг онгоцны аюулгүй байдал, хөлөг онгоцны тоног төхөөрөмж, ачаа бараа, хөлөг онгоцны ажиллагсад зэрэгтэй  холбоотой дотоод журмыг гаргаж болно. Хөлөг онгоц эзэмшигч болон ахмад энэхүү журамд захирагдах ёстой бөгөөд хөлөг онгоцыг далайд байх бүх хугацаанд буюу далайд гарахаас өмнө хөлөг онгоц болон түүний тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангах үүрэгтэй.
5.12. Хөлөг онгоц болон түүний тоног төхөөрөмжид эвдрэл, гэмтэл гарвал хөлөг онгоцны эзэмшигч болон ахмад нь боомтын дарга буюу итгэмжлэгдсэн төлөөлөгчид шуурхай мэдээлж, эвдрэл гэмтлийг илрүүлснээс хойш 7 хоногийн дотор шалтгааныг олж тогтооно. 
5.13. Хөлөг онгоц болон тоног төхөөрөмжид ямар нэгэн өөрчлөлт хийсэн бол хөлөг онгоцны эзэмшигч болон ахмад боомтын дарга буюу итгэмжлэгдсэн төлөөлөгчид энэ тухай  7 хоногийн дотор мэдэгдэнэ.
5.14. Хөлөг онгоц эзэмшигч, эсхүл хөлөг онгоцны ахмад дараахь тохиолдолд энэ тухай боомтын дарга буюу итгэмжлэгдсэн төлөөлөгчид 24 цагийн дотор мэдээлнэ. Үүнд:
5.14.1. хөлөг онгоц дээр хүний амь эрсдэх, хүнд гэмтэх зэрэг осол тохиолдсон; 
5.14.2. хөлөг онгоцны гадна хананд, тоног төхөөрөмж, хөвөгч механизмын аль нэгэн хэсэгт ямар нэг гэмтэл гарсан;
5.14.3. эвдрэл, мөргөлдөөн болон бусад хөлөг онгоцны үйлдлээс шалтгаалж хөлөг онгоц ноцтой аюулд хүрэх байдал бий болсон;
5.14.4. хөлөг онгоц алдагдсан.
5.15. Монгол Улсын хөлөг онгоцны эзэмшигч нь хөлөг онгоцоо алдсан тохиолдолд хөлөг онгоцныхоо хялбар танигдах байдал, албан ёсны дугаар, таамаглаж буй алга болсон шалтгаан зэргийг тайлбарлан нэн даруй боомтын дарга буюу итгэмжлэгдсэн төлөөлөгчид бичгээр мэдэгдэнэ.
5.16. Монгол Улсын хөлөг онгоцыг саатуулах:
5.16.1. илт найдваргүй буюу аюулгүй ажиллагааны нөхцөлийг бүрэн хангаж чадахааргүй гэж үзсэн хөлөг онгоцыг боомтын дарга буюу итгэмжлэгдсэн төлөөлөгч саатуулах бүрэн эрхтэй;
5.16.2. хөлөг онгоцыг түр саатуулсан бол саатуулсан шалтгааныг тайлбарласан  мэдэгдлийг хөлөг онгоцны ахмадад нэн даруй гаргаж өгнө.
5.17. Боомтын дарга буюу итгэмжлэгдсэн төлөөлөгч шаардлагатай гэж үзсэн хөлөг онгоцонд үзлэг хийлгэхээр мэргэжлийн шинжээчийг томилж мэдээлэл авч болно. Уг мэдээлэлд тулгуурлан боомтын дарга буюу итгэмжлэгдсэн төлөөлөгч хөлөг онгоцыг саатуулж болно.
5.18. Саатуулах тухай эцсийн мэдэгдэл гарахаас өмнө хөлөг онгоцны ахмад нь боомтын дарга буюу итгэмжлэгдсэн төлөөлөгчид гомдол гаргаж болно.
 
Зургаа. Бусад
6.1. Бүртгэлийн боомт нь Монгол Улсын бүртгэлтэй хөлөг онгоцыг Монгол Улсын төрийн далбаатай байхыг шаардана.
6.2. Монгол Улсын хөлөг онгоц аливаа боомт руу орох, гарахдаа Монгол Улсын төрийн далбааг мандуулсан байх ёстой.
6.3. Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэгдсэн хөлөг онгоц эзэмшигчдэд Монгол Улсаас шахалт үзүүлэхгүй байна.












Дүрэм журам
Олон Улсын Далайн байгууллагын "Гол, мөрөн, нуурын /хүйтэн/ усанд унасан тохиолдолд амь насаа аврах зааварчилгаа"
Хяналтын катер ашиглах заавар
Усан замын тээврийн хэрэгсэлд гэрчилгээ олгоход шаардагдах бичиг баримтын бүрдүүлэлт
Усан замын тээврийн хэрэгсэлд техникийн болон экологийн хяналтын үзлэг хийх, тоо бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам
Усан замын зогсоол байгуулах түүнийг ашиглах журам
Усан замын тээврийн хэрэгслийн техникийн ашиглалтын дүрэм
ИЛ ТОД БАЙДАЛ
Хүний нөөц
Төсөв, санхүү
Худалдан авах ажиллагаа
ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ
Монгол улсын хууль
Засгийн газрын тогтоол
Засгийн газрын хуралдаан
Сайдын тушаал
Стандарт
Дүрэм журам
Олон улсын гэрээ эрх зүй
ХОЛБОО БАРИХ
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 4-р хороо, Самбуугийн гадамж, Засгийн газрын XI байр, 604, 611, 612 тоот
Утас: (976-11) 261488, 261489, 261490
Факс:(976-11) 310642
И-мэйл: info@monmarad.gov.mn
САНАЛ, ХҮСЭЛТ
Байгууллагын үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл авах, санал, хүсэлт, гомдлыг дараах хаяг, утсаар авна.
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 4-р хороо, Самбуугийн гадамж, Засгийн газрын XI байр, 612 тоот
Утас: (976) 70114802, (976-51) 261489
И-мэйл: info@monmarad.gov.mn